"Нямтын" хүүг үргэлжлүүлэн хорьж, нийт тохиолдол 197-д хүрсэн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улстөрд


С.Эрдэнэ: Ардчилсан нам олонхи болвол хамгийн түрүүнд хамтын тэтгэврийн тухай хуулиа батлуулна

 

“Өсөлтийг өрх бүрд хүргэх” зорилт тээж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа нэр дэвшигчид Баянгол дүүргийн иргэд, сонгогчдын санал бодлыг нь сонсч, ярилцсан юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Хэрэв Ардчилсан нам олонхи болвол хамгийн түрүүнд Хамтын тэтгэврийн хуулиа сэргээн батлуулна. Өнгөрсөн 4 жилд 10 гаруй хуулийн төсөл санаачилсан боловч харамсалтай нь нэгийг ч баталсангүй. Хэт олонхиороо түрий барьсан, улстөржсөн дөрвөн жил өнгөрлөө” гэв.


Т.Аюурсайхан: АН-аас гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацахад их мөнгө зарцуулж байна


МАН-аас цаг үеийн асуудлаар баасан гарагт мэдээлэл хийлээ.  МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан "МАН гүтгэлэг, хар пи-ар явуулахгүй. Ардчилсан намаас гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацахад их мөнгө, цаг зарцуулж байна. Олон нийтийн сүлжээнд  худал мэдээлэл түгээж буй 1000 гаруй хуурамч хаягийг шалгуулахаар болсон. Бид нэг эх оронтой. Шударгаар өрсөлдөхийг уриалж байна. Энэ сонгуульд хийсэн бүтээснээрээ, хийх ажлын төлөвлөгөөгөөрөө өрсөлдөцгөөе" гэлээ.


О.Магнай: Халз мэтгэлцээнд эрх баригчид ирсэнгүй


УИХ-ын сонгуульд 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Магнай тус тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг лхагва гарагт Хархорин зах дээр 12:00 цагаас мэтгэлцэхийг урьсан байсан.  Тэгвэл МАН-аас нэр дэвшигчид мэтгэлцээнд ирээгүй талаар О.Магнай "Шинэ эвсэл"-ээс нэр дэвшигчидтэй хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, эрх баригчид ирсэнгүй хэмээн бичжээ. Тус тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Учрал болон нэр дэвшигч П.Анужин нар нэр дэвшиж байгаа юм. 


УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хорих 461 дүгээр ангид саатуулав


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнөөдөр 02.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулжээ. Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн ч шүүгдэгчдийн хүсэлтийн дагуу 5 хоног хойшилсон юм. Энэ үеэр шүүх хуралд Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоор шийдвэрлэжээ.  


Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхт Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлаар Н.Номтойбаярыг  цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.  Энэ үеэр Н.Номтойбаяр "Үндэслэлгүй шийдвэрээр цагдан хоригдож байгаа ч Хан-Уул дүүрэгт албан ёсоор нэр дэвшиж буй хэвээр шүү гэдгийг сонгогчдод дамжуулж өгөөрэй" гэснийг түүний өмгөөлөгч хэллээ.


Нийгэмд  


Коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 197-д хүрэв


ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 271 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлвэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байгаа” гэв.


Тусгай үүргийн онгоц Энэтхэгийн Гоа хотоос 229 ламхай хүүхдийнг эх орондоо авч ирэв  


Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:58 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 251 иргэн ирсэн бөгөөд  

  • Лаос улсаас 10,
  • Энэтхэгээс 6 иргэн,
  • 6 лам багш,
  • Гоа хотоос 229 ламхай багтаж байгаа юм.

 


Иргэдийг ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Сэнтий”, “Оринтал” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана. Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн билээ





Г.Хулан 


 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ