"ЭЕШ-ын үеэр хүүхдүүд хоорондоо ойртохгүй байх тусгай зурвасуудыг бий болгосон"

Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-тай холбоотой мэдээллийг өглөө.
БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат "Цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан өмнөх жилүүдийг бодоход их буюу нийт 85 шалгалтын байрыг бэлдсэн. Жишээ нь, өмнө нь аймгийн зөвхөн төв дээр нэг цэгт шалгалт авдаг байсан бол энэ удаад 2-3 газар төлөвлөсөн. Тиймээс шалгуулагчид шалгалт өгөх төвөө сайн мэдэж аваарай. Өнөөдрөөс эхлэн суудлын хуваарийг хэвлэж авах боломжтой болсон ба үүнд нэвтрэх цэгийн дугаарыг хүртэл нарийн байршуулж өгсөн.
Өмнө нь шалгуулагч бичиг баримтаа үзүүлээд шалгалтын байр руу шууд нэвтрэн ордог байсан бол энэ жил халуун хэмжих гэх мэт эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл хийх учраас нэвтрэхэд багагүй цаг авна. Мөн хүүхдүүд хоорондоо ойртохгүй байх тусгай зурвасуудыг бий болгсон. Нөөц анги бий болгосон ба эрүүл мэндийн хувьд хүндрэл гарсан, халуунтай гэх мэт шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тус ангид оруулж, халдвар хамгаалалтын дор шалгалтыг авна.
Шалгалтын даалгаврыг ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллаж байгаа учир сэдэв даалгавар задрахгүй. Шалгалтын дүн шууд гарах ба засах процессийг дэлгэцээр шууд дамжуулан харуулна. Мөн хуваарь сонголт ч их дээд сургуулиудтай хамтран онлайнаар хийгдэнэ" гэлээ.
Шалгуулагчид өнөөдрөөс эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ