"Хавх" аяныг дахин зохион байгуулна

Завхан аймагт хууль бус хулгайн ан, экологийн ач холбогдол бүхий нэн ховор болон ховор амьтад хавханд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хавх нэгдсэн арга хэмжээг дахин явуулах төлөвлөгөөтэй байна.
Ховор ан амьтад тэдгээрийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймгийн хэмжээнд хавхны тоог цөөрүүлэх. Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор энэ ажлыг өнгөрсөн жил амжилттай хийсэн. Үр дүн ч сайн гарсан. Хавх аяны хүрээнд 10 сумаас нийт 85 хавх хурааж 19 иргэний 55 тарваганы хууль бус агнуурын хэргийг илрүүлсэн байгаа. Мөн үеэр хууль бус ан, ан хийхдээ ямар зөвшөөрөл, хураамж төлдөг талаарх мэдээллийг иргэдэд өгч хууль бус ан агнууртай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоо их буйг сурталчилсан.
Энэ жил хууль бус тарвага агнасан цөөхөн тохиолдол гарсан. Одоогоор хулгайн ангийн хэрэг бүртгэгдээгүй байна. Гэхдээ энэ жил энэхүү аяныг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Дашрамд тус аймаг ан агнуурын менежментийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш орон нутгийн төсөвт нийт 222 сая төгрөг оруулсан байна. Зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор өнгөрсөн жил байгаль орчны салбарын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан ба энэ үеэр биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Завхан аймгийн БОАЖГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Хавх” аяныг амжилттай зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ