"Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, шийдвэр гаргасан шүүгчид хуулийн хариуцлага хүлээлгэ"

Гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор Ж.Бямбадорж УИХ-ын гишүүн, 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж нарт хандан хүсэлт, шаардлага хүргүүллээ. 


Тэрбээр нийт дөрвөн заалтаас бүрдэх хүсэлт, шаардлагыг хүргүүлж байгаа бөгөөд үүний дунд Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллахыг шаардсан байна. 


Тодруулбал, 

  • Монгол Улсын эрүүгийн хуульд заасан торгох ялаас хэдэн арав дахин илүү хэмжээтэй барьцааны мөнгө тогтоож, түүнийгээ биелүүлэхийг даалгасан шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд үүнийг таслан зогсоох
  • Түүнийг цагдан хорих үндэслэл нь шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн нь буруу бөгөөд нэр дэвшигчид маш давчуу хугацаанд сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байгаа бөгөөд энэ хугацаанд шүүх хуралд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд орох тул нэр дэвшигчийг хорлон сүйтгэх үйл ажиллагаа болсныг хүлээн зөвшөөрч, иргэдээс уучлалт гуйх. 
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэн даруй суллаж, хууль бус шийдвэр гаргасан шүүгчид ёс зүй болон хуулийн хариуцлага хүлээлгэж, олон нийтэд мэдээлэх. 
  • УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог цахимаар хуралдуулж, дүгнэлт гаргахыг тэрбээр шаардсан байна. 


Тэрбээр Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд шүүхээс хууль бусаар халдсан анхны тохиолдол болсон гэдгийг дурдаад энэ онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ээлжит тайлангаа тавих бөгөөд шүүгчдийн хүний эрхийг ноцтой зөрчиж гаргасан хууль бус шийдвэр болж Монгол Улсад улс төрийн болон эдийн засгийн хориг ирэх вий хэмээн эмээж байгаагаа илэрхийлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ