Ой хээрийн түймрийн улмаас 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 14 аймгийн 60 суманд 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, нийт 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тодруулбал нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай зэрэг бүс нутагт 97 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 7204 /га/ ой, 206.239 /га/ хээр буюу нийт 213.443 /га/ талбай шатсан. Мөн хоёр гэр, дөрвөн айлын өвөлжөө, нэг автомашин шатжээ. Учирсан хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ,Тэшиг сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байна.
Цаг уурын байгууллагын ирүүсэн мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилттай байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:
- Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
- Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ