"Шинэ усан оргилуур төвийн төвлөрсөн шугамд холбогдсон"

Сүхбаатарын талбайн урд 3.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын ус нь зөөврийнх гэх мэдээлэл, шүүмжлэл олон нийтийн дунд гараад буй.


Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Шинэ усан оргилуур төвийн төвлөрсөн шугамд холбогдсон. “Централ таур”-ын урд дахь төвлөрсөн шугамтай холбосон юм шүү. Тэгэхээр ус зөөх ямар ч шаардлагагүй. Сонгуультай холбогдуулан иргэдэд албаар буруу, ташаа мэдээлэл тараагаад байх шиг. Өдөр, шөнөгүй ажиллан, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчид бид харамсаж байна” гэлээ.


Мөн өчигдөр шинэ усан оргилуур руу ус зөөж байна гэх ойлголт иргэдийн дунд яагаад үүссэн талаар тодруулахад “Усан оргилуурын бохирын шугам, мотор руу 20 гаруй арчуур хийн бөглөчихсөн байсан. Тэгээд бид угаалга, цэвэрлэгээг хийсэн. Цэцэрлэгийн тохижилт, явган хүний замыг даралттай усаар угаах, цэвэрлэх ажлыг л өчигдөр хийсэн. Үүнийг мушгиад, төвлөрсөн шугамд холбогдоогүй гэж буруугаар ойлгоно гэж ёстой төсөөлсөнгүй.



Энэ усан оргилуурыг Улсын комисст хүлээлгэж өгөн, нээлтээ хийгээд удаагүй байна. Цар тахлын үед олныг цуглуулахгүйн тулд өчигдөр нээлтээ даруухан хийлээ. 3.2 тэрбум төгрөгөөр энд маш олон бүтээн байгуулалт хийсэн юм шүү. Цэцэрлэгийн зүүн, баруун талд байх нойлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өрөө бий. 1.6 га газрын ногоон байгууламжтай, газар доогуур усжуулалтын системтэй” гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ