Батлагдсан тохиолдол 206-т хүрч, С.Баярцогт нарыг баривчлан хорьсон 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.   


    

Улстөрд


           АН олонхи болвол Р.Амаржаргалыг дараагийн Ерөнхий сайд болгохоо зарлав 


Энэ долоо хоногийн эхэнд Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Энэ сонгуульд Ардчилсан нам олонх болох нь ойлгомжтой. Тийм учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг авч хэлэлцсэн. Ардчилсан нам олонхи  болсон тохиолдолд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээр албан ёсоор шийдвэр гаргасан. Ардчилсан намын удирдах бүрэлдэхүүн энэ саналыг 100 хувь дэмжсэн" гэв. 



    Г.Амартүвшин: Би Монгол Улсын иргэн мөн


УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, нийслэлийн Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшин олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Тэрээр “Намайг нэр дэвшсэн цагаас минь хойш ор үндэсгүй гүтгэж, харлуулах оролдлого явагдлаа. Энэ бүхэнд би өнөөдөр цэг тавия гэж бодсон юм. Би Монгол Улсын иргэн мөн” гээд түүнийг Нидерландын Вант Улсын иргэн биш болохыг баталсан тус улсын Бээжин хот дахь Элчин сайдын яамнаас илгээсэн албан бичгийг дэлгэсэн юм.


   Н.Энхбаяр: Эрх баригчид башир аргаар 11 жил намайг сонгуульд оролцуулсангүй


Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хурал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрх баригчид башир аргаар 11 жил намайг сонгуульд оролцуулсангүй. Хууль бус үйл ажиллагаагаар миний эрхийг боож байна. Бид үнэний төлөө тууштай тэмцэж байна. Шүүх үнэн зөв шийдвэр гаргасны дараа дэмжигчиддээ хамгийн түрүүнд дуулгаж, тойрогтоо очиж ажиллана. Та бидний эвсэл ялах бүрэн бололцоо байна" гэв. 


           Шүүх: С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорихоор болов 


Шүүгдэгч С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал пүрэв гарагт буюу энэ сарын 18-нд боллоо. Шүүхээс барьцаа хөрөнгө байршуулаагүй гэдэг шалтгаанаар  Б.Бямбасайхан, С.Баярцогт, Д.Ганболд нарыг зургаадугаар 22-ныг хүртэл цагдан хорихоор болов. Шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболд нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханыг 2 тэрбум төгрөгийн барьцаа байршуулаагүйгээс таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан юм.


Нийгэмд



Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдав


Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд  баримтлан  2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.


Ээлжит хурлаар коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав.  Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.


Долоодугаар сард тусгай үүргийн таван нислэг үйлдэнэ  


УОК-ын 24 дэх хуралдаанаар долоодугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг баталжээ. Үүнд:

·         7 сарын 2-ны өдөр Сөүл

·         7 сарын 4-ний өдөр Япон 

·         7 сарын 7-ны өдөр Сөүл 

·         7 сарын 9-ний өдөр Станбул хот руу нислэг үйлдэж, Европод байгаа иргэдээ авчирна. 

·         7 сарын 15-ны өдөр Сөүл чиглэлд нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авахаар хуваарийг баталжээ. 


Манай улсад коронавируст халдварын тохиолдол 206-т хүрэв


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборторид 314 хүн шинжилгээ хийгдсэнээс 312 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Хоёр хүнд нь илэрсэн.


Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон байгаа.


Бусад шинжилгээний хувьд зургаадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ хийгдсэн байна. Мөн тандалтын зорилгоор санамсаргүйгээр сонгон авч 13 сорьцод хийсэн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүний давтан шинжилгээ хийсэн. Короанвирус илрээгүй. Алтанбулагаар орж ирсэн 23 авто тээврийн жолоочийн шинжилгээг хийсэн" гэв. 

 

 



Г.Хулан  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ