“Эрүүл мэндийг дэмжих төв” нээгдлээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ Олон Улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны сайд Д. Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т. Мөнхсайхан болон бусад албаныхан оролцов.






Эрүүл мэндийг дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо,шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.


Уг дэмжих төв нь амбулаторийн тусгай үйлчилгээрүү чиглэсэн 20 орчим төрлийн багажийноношилгоо, шинжилгээ, зөвхөн УНТЭ дээр хийгддэг арав гаруй төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог мэргэшсэн 20 орчим эмч, мэргэжилтнүүд хийж үйлчилнэ. Эрүүл мэндийг дэмжих төвд ЭМЯ-наас рентген аппарат, эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн цахилгаан бичлэг, монитор зэрэг багаж төхөөрөмжийг өгчээ. Мөн УНТЭ-ээс нэмэлтээр нарийн мэргэжлийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг бүрэн хангаж байна.





Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Т. Мөнхсайхан “Бид энэ төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог цогцоор нь хийхийг зорьж, аливаа өвчлөлийг эрт илрүүлээд зогсохгүй, эмчлүүлэх, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, зааврыг өгөх үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллаж байна.


Бид дөрвөн төрлийн тусгай багцын үйлчилгээг гаргасан. Үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй аль ч багцыг сонгон, ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн бид энэ төвийг ашиглалтад оруулснаар эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, урамшууллыг нь нэмэх боломж бүрдэж байгаа юм” гэлээ.




ЭМЯ-ны сайд Д. Сарангэрэл “2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлэн ард иргэдийнхээ эрүүл мэндэд урьдчилан сэргийлэх үзлэг явуулах шийдвэрийг ЭМД-ын зөвлөлөөс гаргасан. Энэ бол 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн эрсдэлд суурилсан дөрвөн багцыг санал болгож байна. Манай ард иргэд болон бололцоотой хүмүүс гадагшаа явж, үзлэг,шинжилгээ, оношилгоо хийлгэх сонирхолтой байдаг. Одоо тэгэх шаардлагагүй, ялангуяа коронавирусын үед гадагшаа явах шаардлагагүй хэмээн уриалж байна.


Бүх эмнэлгүүд тэр дундаа хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн ортой эмчилгээний төвүүдэд урьдчилан сэргийлэхийг үндэслээд Эрүүл Мэндийг Дэмжих төвүүдийг байгууллах бодлоготой байна. Улсын томоохон эмнэлгүүд, тэр дундаа улсын ууган эмнэлэг ингэж бусаддаа үлгэр дуурайлал болсон, оройлон оролцож үлгэр жишээ болж байгаа бодит үйл ажиллагаа хийж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд, салбарынхан, ЭМЯ талархалтай хандаж байна” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ