АНУ-ын эрдэмтэд коронавирусээс сэргийлэх коктейль бүтээжээ

ЭМЯ-ны  COVID-19 халдвар тархсан улс, орнуудын нөхцөл байдал болон дэлхий дахинд хийгдэж буй судалгааны талаар ээлжит мэдээллээ дэлгэлээ. 


1. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд стрессийн нөлөөгөөр цусанд үүсдэг кортизол даавар ихсэх нь коронавирусийн халдвар хүндрэх улмаар амь насанд эрсдэл учруулдаг болохыг тодорхойлжээ.


2. Коронавируст халдварын улмаас хүндэрсэн өвчтөнд тархины гэмтэл илэрч байгаа тухай Швед улсын Готенбургийн их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Тиймээс халдварын хүндэвтэр, хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн цусны шинжилгээнд GFAP (glial fibrillary acidic protein), NfL (neurofilament light chain protein) биомаркерийг хянаж тархины гэмтлээс сэргийлэх боломжтой гэж үзжээ.


3. АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдварын эмчилгээ болон урьдчилан сэргийлэх коктейль бүтээжээ. Ковид-19-өөр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнг хулганад тарьж инженерчлэлийн аргаар гаргаж авсан уг коктейлийг өвчтөн, эмнэлгийн ажилтнуудад хэрэглэж эхэлжээ.


4. БНХАУ-ын Вэнзоу хотын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн түвшин 2-3 сарын дараа буурч байна гэж үзжээ.


5. Бээжин хотын “Шиньфади” хүнсний захад борлуулж байсан хүнсний ногоо, жимс, жимсгэнээс хоёр дахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн эрдэмтэд коронавирус харанхуй, чийглэг, бохирдол ихтэй орчинд удаан хадгалагдах боломжтой гэжээ.


6. Москвагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд вакцины туршилт судалгааг 18 эмнэлгийн ажилтанд сайн дурын үндсэн дээр хийжээ. Судалгааны эхний үр дүн 28 хоногийн дараа тодорхой болох аж. ОХУ энэ оны 8-9-р сард вакцин үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ