"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадам энэ сарын 27-нд болно

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ. 


"Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Цар тахлын улмаас олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож байна. Олимпийн наадам хүртэл хойшлогдсон. Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд хүрээ цамыг явуулж, харин олон нийтийг хамарсан морины уралдаан, бөхийн барилдааныг зохион байгуулахгүй.

Зургаадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулна" гэлээ.


Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог "27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлж, 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. 2015 оноос хүрээ цам даншиг наадмыг зохион байгуулж ирсэн. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз, боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой" гэв. 


"Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг зохион байгуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа "Монголын соёл, ёс уламжлалыг дэлхий нийтэд таниулъя. Монгол Улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болгоё гэсэн зорилготойгоор 2015 оноос зохион байгуулж ирсэн. Үүний үр дүнд таван жил дараалан зохион байгуулсан. Хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд энэ жил хүрээ цам зохион байгуулахаар боллоо" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ