Улс даяараа "идэвхитэй" оролцож, УИХ-ын сонгууль өндөрлөсөн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.       


Улстөрд


Ч.СОДНОМЦЭРЭН: ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ СОНГУУЛЬ БОЛЛОО


Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: "Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.

13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь оролцож саналаа өгсөн байна. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Санал хураалт дууссаны дараа 2070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа

·         МАН-62

·         АН-11

·         Та бидний эвсэл-1

·         Бие даагч-1

·         Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарсан” гэв.

 

МАН: ЭХЛҮҮЛСНЭЭ ДУУСГАЖ, ЗАДАРСНЫГ ЗАСАХЫН ТӨЛӨӨ БИД ХИЧЭЭХ БОЛНО



МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, бидэнд итгэж, Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын мянга мянган гишүүдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах захиа даалгавараа өглөө. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон нийт ард түмэндээ баярлалаа. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах үүрэг бидэнд ирлээ.  Эхлүүлснээ дуусгаж, задарсныг засаж, ядарсныг хайрлахын төлөө бид хичээх болно” гэв.



 УЛСЫН ИХ ХУРАЛ 13 ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ БОЛЛОО


УИХ-ын найм дахь удаагийн сонгууль /2020.06.24/ болж Монгол ардын нам 62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Бие даагч 1, Зөв хүн электорат 1 суудал авсанТэгвэл энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдоод байна. Тодруулбал, МАН-аас нэр дэвшсэн Д.Сарангэрэл, Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Г.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, П.Анужин нар болон АН-аас С.Одонтуяа, А.Адьяасүрэн нар сонгогдоод байна.


Ж.БАТЗАНДАН: НАМЫН ДАРГЫН СУУДЛАА ХАРИУЦЛАГАТАЙГААР ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ БАЙНА


Шинэ эвслээс пүрэв гарагт мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шинэ эвслийн дарга Ж.Батзандан " Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж 20 гаруй мянган иргэний саналыг авлаа. Гурван мандаттай дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон саналыг авлаа. Харамсалтай нь бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна. Шинэ эвсэл нэг ч суудал авч чадаагүй тул би эвслийн болон намын даргын суудлаа хариуцлага хүлээлгэн өгч байна" гэв. 


С.ЭРДЭНЭ: НАМЫН ДАРГЫН АЖЛАА Ц.ТУВААНД ШИЛЖҮҮЛЖ БАЙНА  



УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ "2020 оны УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарч, бүртгэгдсэн. Түүнийг СЕХ, хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байх. АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Намын үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгч байна. Би өргөдлөө өгсөн, шийдвэрлэх байх.


УИХ-ын 2020 оны сонгуульд АН 11 суудал авч, ялагдал хүлээлээ. Намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Үлдсэн хугацаанд Ц.Туваан намын даргын дараагийн дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулна гэж бодож байна.


СОНГУУЛИЙН ДҮНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ЕРӨНХИЙЛӨГЧИД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

Энэ удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан болохыг СЕХ-оос өчигдөр албан ёсоор зарласан. Гэтэл зарим нам, эвслүүд сонгуулийн санал хураалтын явцад луйвар орсон гэж үзэж буйгаа өчигдөр /2020.06.26/ мэдэгдсэн билээ. Тэгвэл ялагдал хүлээсэн эвсэл, бие даагчдын төлөөлөл Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ. Тухайн шаардлагаар ерөнхийлөгчийг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн шаардаж байгаа аж. 

 

 

 


 

Г.ХУЛАН 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ