Хүүхдэдээ суудлын бүс зүүлгээгүй жолоочийн зургийг олон нийтэд "дэлгэнэ"

ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажил болон хоёр дахь  удаагаа зохион байгуулж байгаа  "Яараад яахав дээ-2" аяны талаар өнөөдөр /2020.07.01/ мэдээлэл хийлээ.


Монгол улсад 2020 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдсэнээс 180 хүн амиа алдсан харамсалтай тоо баримт байна. Эдгээрийн  130 нь хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ амиа алджээ. Хөдөө орон нутгийн замд амиа алдсан 130 тохиолдлын 72 хувь буюу 45 тохиолдол нь согтуугаар, 36 тохиолдол нь мотоциклтэй зорчиж байхдаа, 76 тохиолдол нь хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр илэрсэн байна.


Цагдаагийн байгууллагаас “Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Уг аяны хүрээнд автомашины ард сууж байгаа зорчигчдыг цагдаа нар суудлын бүс зүүхийг шаардах, жолоочид мөн суудлын бүс зүүх боломжийг нь бүрдүүлэх, машиндаа  10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэж байгаа тохиолдолд орон нутгийн замд суудлын бүс заавал зүүлгэх, 0-3 насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалд суулгах зэргийг сануулж, анхааруулж, шаардлага тавихыг өнөөдрийн мэдээллээр хүргэлээ. 


Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд  “Би хүүхдээ дараагийн удаа зориулалтын суудалтай тээвэрлэнэ” гэх амлалтын хуудсыг бариулан зураг дарж, зургийг ЦЕГ болон Тээврийн цагдаагийн албаны цахим хуудсанд нийтлэх аж.


Мөн хөдөө орон нутгийн малчдыг А ангиллын сургалтанд хамруулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ