Аялал зугаалганд явах нэрээр алтан амиа "өргөхөө" болиё!

Аялал зугаалга болон найр наадмын энэ өдрүүдэд орон нутгийн замд ноцтой ослууд ар араасаа гарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байна. Өчигдөр гэхэд л Архангай аймагт түлшний машин онхолдон, шатсанаар хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан.


Баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 759 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 25 хүний амь нас хохирсон ба тэдний дөрөв нь хүүхэд байжээ.


Замын цагдаагийн газрын статистикт дурдсанаар, сүүлийн дөрвөн жилд дунджаар зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн бэртэл гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Түүнчлэн автозамын осол жилээс жилд хоёр оронтой тоогоор өсч байна. Амиа алдсан хүмүүс ямар ч дайн байлдаан, алан хядах ажиллагааны золиос болоогүй зөвхөн авто замын ослын улмаас хорвоог орхисон нь харамсалтай.


Дэлхий дахинд одоо коронавирусийн халдвараар өвчилж мянга мянган хүн амиа алдаж буй харамсалтай мэдээллийг бид өглөө бүр уншиж сэрж буй. Гэтэл манай улсад одоогоор тийм байдал үүсээгүй атал жилд хагас мянган хүн хорвоог орхиж байна.


 “Санамсаргүй бөгөөд гэнэтийн тохиолдол” гэж байдаг ч байгалийн гамшиг биш л бол осол, хохирол нь хүний анхаарал, болгоомж, сэрэмжээс л хамаатай зүйл. Бид хэнэггүй зангаасаа болж хэдий болтол хохирсоор байх вэ. Аялал зугаалганд явах нэрээр алтан амиа “өргөөд” баймааргүй байна шүү монголчууд минь..

 



Г.Хулан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ