ТОЙМ: Батлагдсан тохиолдол 287-д хүрч, С.Баярцогт нарт ял оноов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.


Улстөрд

                                 

ДЭД САЙД НАРЫГ ТОМИЛОВ 


Засгийн газрын пүрэв гарагийн хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж, томиллоо. Яамдуудын дэд сайдын албан тушаалд хэн хэн томилогдсон болон товч намтрын мэдээллийг http://bataar.mn/n/98246 энд дарж уншина уу.   

 


              С.БАЯРЦОГТОД 10, Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРТ ТУС БҮР 4 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ


С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэрэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүх хуралдаанаар, С.Баярцогтод 10 жил хорих, таван жил нийтийн албанд ажиллах эрхийг хасах, гурван байрыг улсын орлого болгох, 1.6 тэрбум төгрөг хураах ял оноосон юм.

 

Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд тус бүр гурван жил ажиллах эрхийг хасаж, дөрвөн жил хорих ял оноожээ.


Сануулахад, С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ.


Нийгэмд


                              БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 25 ХҮН АМИА АЛДАВ


Баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 09-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1520 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнд  зам тээврийн осол, хэргийн шинжтэй 759 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 25 хүний амь нас хохирсон ба тэдний дөрөв нь хүүхэд байжээ.


             ТАРВАГАН ТАХЛААР НЭГ ХҮН ЭНДЭВ


Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа. Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдсан юм. Тиймээс иргэдийг тарвага агнахгүй, махыг нь идэхгүй, тээвэрлэхгүй байхыг ЗӨСҮТ-өөс онцгойлон анхааруулав.


                                      КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 287-Д ХҮРЭВ


Монголд коронавирусийн халдвартай 287 хүн батлагдсанаас 211 хүнийг эмчиллээ. Мөн 76 хүн эмчилгээнд байгаа бөгөөд үүнээс 69 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 140 хүн эмчилгээ, хяналт, тандалтад байна. 

 

 

 

   

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ