Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай цахим уулзалт болно

Дэлхийн хүн амын өдөр болон “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас цахим уулзалт болно.


НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох энэхүү уулзалтаар COVID-19 цар тахлын үед нэмэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм. 


Арга хэмжээнд Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар нээлтийн үг хэлэхээс гадна Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар оролцоно.


Монголд болон дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг мэдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй уг арга хэмжээ англи, монгол хэл дээр зохион байгуулагдана. 


Оролцох линк: https://unfpa.zoom.us/j/94352841520


Жил бүрийн  долоодугаар сарын 11-нд Дэлхийн хүн амын өдөр тохиодог. Энэ жилийн Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сан нь цар тахлын охид эмэгтэйчүүд үзүүлж буй  нөлөөг олон нийтэд таниулж, энэ хүнд бэрх  цагт охид эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.


НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн олон улсын судалгаагаар цар тахлын тусгаарлалт ирэх зургаан сарын турш үргэлжилбэл эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учрах бөгөөд, бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомстолд орж, цаашлаад 7 сая хүсээгүй жирэмслэлт бүртгэгдэж болзошгүйг анхааруулсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ