Лондон дахь монгол хүүхдүүд төрийн дууллаа дуулж, төрийн далбаагаа зурж сурчээ

Лондон хот дах Монгол сургалтын төв 2017 онд байгуулагдсан. Гол зорилго нь Лондонд өсөж, сурч буй монгол хүүхдүүдэд зориулж, монгол хэл яриа, дуу шүлэг, ёс заншил урлаг соёлоо таниулах, өвлүүлэх юм. Иймд хичээлээс гадуурх нэмэлт хичээл дугуйлан ажиллуулан, хүүхдийн чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ монгол хүүхдүүдийн найз нөхдийн харилцааг өргөжүүлэх, төрөл бүрийн олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.
Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд хүүхдүүдтэйгээ тэр бүр монгол хэлээр ярьдаггүй. Мөн тэдэндээ монгол дуу шүлэг заах сургалтын төв байдаггүй нь эцэг эхчүүдийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал болсныг анзаарснаар монгол хүүхдүүдэд зориулсан сургалтын төвийг нээжээ. Энэ төв гурав дахь хичээлийн жилдээ ажиллаж, давхардсан тоогоор 100 гаруй хүүхдүүдтэй хичээллэж байна.
Дэлхий нийтэд тохиолдож байгаа цар тахалтай холбоотойгоор бүх сургууль цэцэрлэг хаагдсан энэ үед Монгол сургалтын төв монгол дуу, шүлэг сургах аяныг эцэг эхчүүдийнх нь тусламжтайгаар зааж сургах аяныг амжилттай зохион байгууллаа. Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам, алтан соёмбот Монгол Төрийн далбааны өдрийг тохиолдуулан ТӨРИЙН ДУУЛЛАА ДУУЛЖ СУРЦГААЯ, ТӨРИЙН ДАЛБААГАА ЗУРЖ СУРЦГААЯ цахим аяныг өрнүүлжээ. Цахим аяны хаалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүд, ээж аавтайгаа Лондоны алдарт Hyde Park-т уулзсан байна.
Монгол хүн бүрийн хамгийн хүндэтгэдэг дуу болох ТӨРИЙН ДУУЛЛАА хүүхдүүддээ сургах хариуцлагатай, бахархалтай гэрийн даалгавар- цахим аянд хүүхдүүдийнхээ хамт амжилттай оролцсон бүх эцэг эхчүүддээ талархаж байна гэж зохион байгуулагчид онцлов.
Лондон хотоос мэдээг бэлтгэн хүргэсэн У.ГАНЗОРИГ



СЭТГЭГДЭЛ БИЧИХ