"Урт цагаан" үйлчилгээний төвийг шинэчлэхэд түрээслэгчид эсэргүүцжээ

"Урт цагаан" үйлчилгээний төвийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч байв.
Тухайн үед НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга "Мэргэжлийн хяналтын газраас Засвар үйлчилгээ хийгдэх ёстой гэх гурван удаагийн дүгнэлт гарсан. Тодруулбал, тухайн барилга байгууламжийн модон хийц нь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй. Мөн тухайн барилгын тоосгон хананууд 90 хувийн эвдрэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан" хэмээж байсан юм.
Тиймээс тус төвийг шинэчлэхээр болж, уралдаан зарлан шилдэг бүтээлийг тодруулж, зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлэхэд бэлдэж байна. Энэ хүрээнд өчигдөр "Урт цагаан" үйлчилгээний төвийг түр хашаалахаар холбогдох албаныхны тэргүүлсэн баг ирсэн ч түрээслэгчдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат:
Тус барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нурах эрсдэлтэй барилгын жагсаалтад орсон. Иймд барилгыг буулгаж, шинэчлэх ажил зохион байгуулахаар түр хашааг барих гэж байна. Уг ажлыг эсэргүүцэж, турхирч буй хүмүүс нь иргэдэд өндөр үнээр дам түрээслүүлдэг 30 хүн.
Өмнө нь энд оёдол эсгүүр, цаг засвар зэрэг үйлчилгээ эрхэлж байсан иргэдийг нийслэлийн төр захиргааны дөрөвдүгээр байранд 80 орчим ажлын байрыг бий болгож өгсөн. Тэнд одоо ч үйл ажиллагаагаа явуулж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ