Бүсээ чангалсаар буй бизнес эрхлэгчдээ бодъё!

Цар тахлын эдийн засагт үзүүлэх хямрал улам гүнзгийрч байгааг олон улсын санхүүгийн байгууллагууд онцолж анхааруулсаар байна. Энэ хямрал бизнес эрхлэгчдэд илүүтэй хүндээр тусч байгаа тул улс орнууд компани, аж ахуйн нэгжүүд болон, жижиг, том гэж ялгалгүй бүх бизнес эрхлэгчиддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөж байна. Учир нь ажлын байр гэдэг улс орнуудын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур байдаг учраас ямар ч нөхцөлд ажлын байрны тоог хадгалж үлдэхийн төлөө тэмцэх ёстойг сануулсаар.


Зарим улс оронд халдварын эрсдэлийг тоохгүйгээр эдийн засгаа дэмжиж, дампуурлын ирмэгт байгаа компаниудаа аврахын тулд үүд хаалгаа хэдийнэ нээгээд эхэлсэн байна. Харин манайд цар тахлын улмаас өнгөрсөн нэгдүгээр сараас хойш хөл хорионы дэглэмтэй байна. Энэ хугацаанд Засгийн газраас санхүүгийн хүндрэлийг дэмжих зорилгоор тодорхой бодлогууд хэрэгжүүлж байгаа боловч яг ажил олгогчдод зориулсан тодорхой арга хэмжээ одоогоор аваагүй байна. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс дотооддоо халдвар алдаагүй байхад ингэж бүгдийг нь хааж хорих нь оновчтой эсэхийг асууж, эсэргүүцэж буй юм. 


МҮХАҮТ-аас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр Монголд бизнес эрхлэгч 10 аж ахуйн нэгжийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байна. Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн ч байж магадгүй.  Тус байгууллагаас хийсэн эхний судалгаагаар нийт компаниудын 57 хувь нь цар тахлаас болж үйл ажиллагаа нь хүндэрсэн байсан бол хоёр дахь судалгаагаар 67, сүүлийнхээр 73 хувь болж өссөн байна. Сонгууль дуусахтай зэрэгцэн энэ сард олон асуудалтай нүүр тулж болзошгүй байгааг судалгаа харуулжээ. Тиймээс даруй арга хэмжээ авч, ялангуяа бизнес эрхлэгчдийг яаралтай дэмжихгүй бол асуудал нэн хүнд байдалд орж болзошгүй байна. 


Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь нь тэг зогсолт хийсэн байгаа. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байгаа бол мэдээлэл холбооны салбарт хямрал хамгийн бага нөлөөлж байгаа аж. Харин иргэдийн хувьд 68 хувь нь санхүүгийн нөхцөл байдал нэлээд муудсан бол хувиараа бизнес эрхлэгчид болон зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэгч, цагийн ажилчид ихэнх нь ажилгүй болоод байна. 


Бизнес эрхлэгчид энэ хүнд цаг үеийг даван туулахад зээлийн бүтцийг өөрчилж, уян хатан бодлого баримтлахыг арилжааны банкуудаас хүссээр байна. Дэлхийн улс орнуудын хандлага чиглэл ч ийм байгаа. Хэрэв ажил олгогчдын өнөөдрийн хэмжээнд барьж байгаа тэсвэр, тэвчээр эцэстээ хүрвэл эдийн засаг дахиад хэдэн хувиар агшиж, ажлаасаа халагдсан, орлогогүй болсон хүмүүсийн өдрөөс өдөрт өссөөр байх нь тодорхой юм. 



Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ