"Хөл хорионоос болж жендэрт суурилсан хүчирхийлэл 31 саяар нэмэгдэнэ"

Дэлхийн хүн амын өдөр болон “Дэлхийн хүн амын нөхцөл байдал” тайлан гарсантай холбогдуулан Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас КОВИД-19 цар тахал Монголд болон дэлхий дахинаа охид эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар цахим уулзалт зохион байгууллаа.
НҮБ-ын Хүн амын сан, Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон тус уулзалтаар КОВИД-19 цар тахлын үед нэмэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.
КОВИД-19 цар тахлын үед жендэрт суурилсан хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг ажилгүйдэл, нэмэлт асран халамжлах үүрэг хариуцлага, өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрчлөлт гарсан болон ахуйн хүрээний архидалт хэмээн үзэж буйгаа НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза илтгэлдээ онцлов.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикавагийн нээлтийн үгийн онцлох хэсгүүд:
- Засгийн газраас эртлэн авсан арга хэмжээ, иргэдийн хариуцлагатай байдлын ачаар Монгол Улс КОВИД-19 цар тахлын тархалтыг амжилттай барьж байгаа. Гэвч Монгол Улсад КОВИД-19 цар тахлын дүнд үүсээд байгаа ноцтой асуудлуудын нэг яах аргагүй жендэрт суурилсан хүчирхийлэл юм.
- Мөн хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны болон үл хайхрах хүчирхийлэл нэмэгдэж байна.
- Хөл хорио тогтоож, сургуулиудыг хаах зэрэг цар тахлын эсрэг хамгаалалт, урьдчилсан сэргийлэлтийн дэглэмүүдтэй холбоотойгоор гэр бүлд сэтгэл зүйн болон эдийн засгийн дарамт нэмэгдэж, энэ нь цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл болох тохиолдол нэмэгдсээр байна.
- НҮБ-ын Хүн амын сангийн тооцооллоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах дэглэм хүчинтэй байх зургаан сар тутамд дэлхий даяар жендэрт суурилсан нийт 31 сая орчим хүчирхийлэл нэмэгдэнэ гэсэн таамаг бий.
- Энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдал. Харин ирээдүйд “сүүдрийн цар тахал” гэгдэх асуудал үүнээс ч илүү муудаж болзошгүй. Иймд бид хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрч ажиллах ёстой.
- Бид тусламж хэрэгтэй байгаа охид эмэгтэйчүүдэд амин чухал шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Гэвч бид энэ бүхнийг бие даан хийж чадахгүй. Иймд бид Засгийн газар болон бусад хамтрагчдадаа охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд таньж, шаардлага хэрэгцээгээр хангахад чадах бүхнээ хийхийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ