Гадаадад гацсан монголчуудад туслах “Элэг зүрхнээс уяатай” хандивын аян өрнүүлнэ

Гадаадад гацсан монголчуудад туслах зорилгоор “Элэг зүрхнээс уяатай” хандивын аян өрнүүлэх болжээ. Төслийн зорилго нь гадаадад гацсан монгол иргэдтэй холбоо тогтоох, тэдгээр иргэдэд тулгараад буй саад бэрхшээлд нь дэмжлэг үзүүлэх буюу мөнгөн болон мөнгөн бус байдлаар туслах юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид гурван төрлийн чиглэлд үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.


Нэгт, гадаадад гацсан иргэдийн талаар мэдээлэл хомс тул судалгаа явуулж тоо баримт цуглуулах болон судалгааны үр дүнг үнэн бодитоор нийтэд танилцуулах. Хоёрт, гадаадад гацсан иргэдийн асуудлыг олон нийтэд таниулах, тусламжийн аянд нэгдэхийг уриалах. Гуравт, мөнгөн болон мөнгөн бус хандив цуглуулж гадаадад гацсан хүнд нөхцөлд байгаа иргэдэдэд тусламж үзүүлэх.


Элэг Зүрхнээс Уяатай аян нь улс төрийн нөлөөнөөс хараат бус бөгөөд хувь хүн, албан байгууллагыг шүүмжлэх зорилго агуулаагүй буюу төвийг сахисан байр суурьтай болно. Энэ аяны хүрээнд зөвхөн гадаадад гацсан, хүнд хэцүү нөхцөлд байгаа монгол иргэдэд туслах зорилготой юм. Төслийн багийн гишүүд нь гадаадад гацсан болон гацаж байгаад Монголдоо ирсэн 18-22 насны залуус бөгөөд АНУ, Монгол, Солонгос, Япон орнуудаас хамтран ажиллаж байна.



Хоёр. Хэрхэн? А. Мэдээлэл цуглуулах


Гадаадад гацсан иргэдийн талаар үнэн бодит мэдээлэл цуглуулах нэн шаардлагатай байна. Учир гэвэл худал хуурмаг мэдээллээс болж гадаадад байгаа хүмүүсийг гүтгэх буруушаах тохиолдол гарч байна. Тиймээс бодит тоо баримтад дээр
суурилж асуудалд хандах зорилготой.



Үүний тулд бид судалгаа явуулж олон нийтийн сүлжээнд түгээх болно. Энэ судалгаад хариулсан хүмүүсийн мэдээллийг хатуу чанга хадгалах ёстой. Хувийн чанартай овог нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл цуглуулахгүй байгаа. Одоогийн байдлаар 120 орчим хүнээс судалгаа авсан байгаа. Мэдээллийг дараах дөрвөн чиглэлээр авч байгаа: байрлаж буй улс, гадаадад зорчсон зорилго, одоогийн нөхцөл байдал, мөнгөн болон мөнгөн бус тусламжийн хэмжээ.


Нийт судалгаа бөглөсөн хүмүүсийн:


-59 хувь нь ганцаараа гадаадад гацсан
-56 хувь нь 18-29 насны залуус
-Ихэнхдээ АНУ, Герман, Унгар, Япон гэсэн улсуудад байрлаж байгаа
-55 хувь нь сургуульд суралцахаар яваад гацсан
-50 гаруй хувь нь мөнгөн тусламж хэрэгтэй буюу 500 ам.доллароос дээш хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгаа гэж тус тус бөглөсөн байна.


Олон нийтийг уриалах


Гадаадад гацсан иргэдийн асуудалд олон нийтийг уриалах буюу зөвөөр ойлгуулах. Энэ асуудлын талаар ойлголт багатай эсвэл буруу ойлголттой байгаа иргэдийн тоо олон. Тиймээс аяны хүрээнд олон нийтэд хандаж гадаадад гацсан иргэдийн асуудалд анхаарлаа хандуулах, тэдэнд туслахыг уриалах зорилготой.



Үүний тулд Facebook , Instagram , Twitter гэсэн нийгмийн сүлжээнд өөрсдийн цахим хуудсыг байгуулсан. Сошиал хуудсаар дамжуулан олон нийтийг уриалах мэдээлэл оруулж байна. Бидний сошиал хуудсуудаар дамжуулан гадаадад гацсан хүмүүс өөрсдийн түүхийг хуваалцаж, профайл зурагтаа хүрээ нэмсэн. Одоогийн байдлаар 100 мянга гаруй хүнд бидний контент хүрсэн байна. Үндсэн хоёр төрлийн дагагчтай: гадаадад гацсан монгол иргэд болон энэ асуудалд туслах хүсэлтэй Монголд
байгаа иргэд. Үүнээс гадна, төвийг сахисан байр суурьтай байж сошиал хуудсаар улс төрийн чанартай болон аливаа хууль дүрмийг шүүмжилсэн агуулгатай мэдээлэл нийтлэхгүй байх зорилготой.


Хандивын тусламж үзүүлэх


Цар тахлын улмаас, гадаадад гацсан иргэд маань олон төрлийн саад бэрхшээлтэй тулгарч байгаа ба эдгээр асуудлыг шийдэх боломж бололцоо дутмаг байна. Тиймээс манай төслийн зорилго нь эдгээр иргэдийг олж холбоо тогтоох, тэдэнд мөнгөн болон мөнгөн бус тусламжийг үзүүлэх. Мөнгөн тусламжийг үзүүлэхийн тулд гадаад болон дотоодод мөнгөн хандив цуглуулах. GoFundMe хуудас нээж гадаадад байгаа хүмүүсээс мөнгөн хандив цуглуулах. Монголын аль нэг банканд хандивын данс нээлгэж Монголд байгаа хүмүүсээс мөнгөн хандив цуглуулах. Төслийн хүрээнд багийн гишүүд болон төсөлд оролцсон аливаа байгууллага, хувь хүнд мөнгөн цалин олгохгүй, хандивын дансанд цугларсан мөнгө зөвхөн тусламж авахаар өргөдөл гаргасан буюу гадаадад гацсан иргэдэд олгогдоно.


Хандивын аян 2020 оны 08 сарын 01-нд албан ёсоор нээгдэх буюу мөнгөн хандив цуглуулж эхлэх юм. Эхний байдлаар 33 сая төгрөг буюу 11’500 ам.доллар цуглуулах зорилт тавьсан байгаа. Цугларсан мөнгөн дүнг ойролцоогоор нэг зуун гадаадад гацсан байгаа монгол иргэдэд тараан өгнө. Цугларсан хандивыг тусламж болгон тараахдаа


Алга Дэлгэм буюу 20-50 ам.доллар,
Тэвэр Дүүрэн буюу 50-100 ам.доллар,
Талын Чинээ буюу 100-200 ам.доллар гэсэн гурван төрлөөр олгох төлөвлөгөөтэй. 
Мөнгөн хандиваас гадна мөнгөн бус тусламжийг үзүүлэх зорилготой. Үндсэн зургаан төрлөөр мөнгөн бус тусламж олгох: орон байр, хоол, орчуулга, виз, сэтгэл санаа, бусад.


Мөнгөн бус тусламжийг олгохдоо орон оронд байгаа тусламж үзүүлэх боломжтой монгол иргэдийг олж, тусламж хэрэгтэй иргэдтэй холбох. Өөрөөр хэлбэл орон байр, хоол, виз гэсэн төрлийн тусламжид тухайн хүний байгаа хотод монгол иргэд байвал тэдэнтэй холбож өгөх. (Жишээ нь: Лос Анжелест байгаа байргүй болсон оюутныг 7 хоног гэртээ байлгах монгол хүн байвал олж холбох). Орчуулга, сэтгэл санаа, бусад гэсэн төслийн тусламжид онлайнаар хандаж туслах боломжтой бусад монгол иргэдийг олж тэдэнтэй холбох (Жишээ: Германд байгаа хэлний мэдлэггүй хүнд өөр герман хэлтэй монгол иргэдтэй холбож онлайнаар туслах).



Хандивын тусламж үзүүлэх ажлын үндсэн үр дүн: Нэгт, өөрийн чадвараар асуудлаа шийдэж чадахгүй байгаа гадаадад гацсан монгол иргэдэд тусламж олгох, хоёрт, хэрэгтэй хүндээ хэрэгтэй тусламж очих үйл явцыг хянах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ