ТОЙМ: Батлагдсан тохиолдол 288-д хүрч, С.Баярыг баривчлан хорихоор болов

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд  болж өнгөрсөн зүйлсийг тойлон хүргэж байна.       

Улстөрд


АН-ЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР П.НҮРЗЭДИЙГ ТОМИЛОВ


Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд томилогдож, тамгаа гардлаа. П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөөд ялагдсан билээ.


Ч.САЙХАНБИЛЭГ: ЗЭВҮҮ ДУРГҮЙ ЗЭРЭГ ХҮРЧ БАЙНА ШҮҮ, Х.БАТТУЛГА АА


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан дараах  захидлыг бичжээ. Урд шөнө нойроо хагаслан Монголын шүүхийн, биш ээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд! Үргэлжлэлийг http://bataar.mn/n/98346 эндээс уншина уу.


ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХЭД ЗОРИУЛАН МОНГОЛД 37.5 САЯ ЕВРО ОЛГОНО


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зориулан 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгохоор болжээ.


ШҮҮХЭЭС С.БАЯРЫГ ТАВАН ЖИЛ ХОРИХООР БОЛОВ


Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүхээс гаргасан шийдвэрийг танилцууллаа. Шүүхээс С.Баярт нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 5 жил хорих ял оноолоо. Мөн хууль бусаар олсон 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргалаа.


Харин Ч.Даваанямыг 2 жил нээлттэй хорих ангид 2 жил хорих ял оноож, хууль бусаар олсон орлогоороо АНУ-д худалдан авсан дөрвөн орон сууцны үнэ болох 5.5 тэрбум төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдын алба хашиж байхдаа Оюу толгой компанийн шатахууныг “Петровис” компаниас нийлүүлэх давуу тал олгож, энэ үйлдлээрээ 418.1 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон хэмээн буруутгажээ. 


ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ ЭХЛЭВ


Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж эхэллээ. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ирэх жилүүдэд бондын өр төлбөрийг барагдуулж, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, усан цахилгаан станц, боловсруулах үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгана. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн оношлогоонд хамрагддаг байх, саарал ус ашиглах, нийслэлийн инженерийн шугам, сүлжээг шинэчлэх зэрэг олон жил яригдсан асуудлыг цогцоор нь шийднэ” гэв.


Нийгэмд


ГАДААДЫН 44 ОРНООС 14371 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.


КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 288-Д ХҮРЭВ


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.  Тэрбээр "Өчигдөр 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний гурав дахь давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 иргэний хоёр дахь давтан шинжилгээ, БНХАУ-ын 100 гаруй иргэний шинжилгээг хийсэн. Эдгээр иргэд нутаг буцахаар болсон. Мөн 39 эмч ажилтанд шинжилгээ хийсэн. Өнөөдөр Афганистанаас 120 гаруй хүн ирнэ. Монголд коронавирусийн халдварын 288 тохиолдол батлагдаж, 217 хүн эдгэрлээ" гэлээ. 


ДЭЛХИЙН 55 УЛСААС 11,951 ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГААД БАЙНА

 


ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаад улсаас иргэдээ татан авахаар долоодугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна. Одоогоор 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан. Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14,000 гарсан” гэв.  

 

 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ