Д.Нямхүү: 264 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долоодугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долоодугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 70 хүний биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа. Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал гэж үзсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад бусад хүмүүсийг тусгаарлах байруудад хуваарилаад байна.
Тусгай үүргийн нислэг хамгийн багадаа 3-5 цаг, Америк, Европоос ирж байгаа нислэгүүд 10-12 цаг үргэлжилж байгаа. Тиймээс нислэгт мэргэжлийн хяналтын хоёр эрүүл ахуйч байцаагч, ХӨСҮТ-өөс нэг эмч явж байгаа бөгөөд тэдгээр эмч нар хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлж байна.
Дараагийн үүргийн онгоцуудыг хүлээн авах бэлтгэлээ холбогдох байгууллагуудтай хамтран хангасан. Онгоцны тоо нэмэгдэж байгаа учраас ажиглах байр, ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ