Тарваган тахлын голомттой бүс нутгуудад эргүүл, шалгалтыг тогтмол хийж байна

Завхан аймгийн Цагдаагийн газраас тарваган тахлын голомттой нутгуудад хамтарсан эргүүл шалгалтыг тавдугаар сараас эхлүүлэн тогтмол хийж байна.



Тухайлбал Эрдэнэхайрхан сум дахь цагдаагийн хэсэг, Байгаль орчны тасаг хамтран байгалийн үзэсгэлэнт газар болох Мухартын гол, Улаагчны хар нуур зэрэг газраар байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ үеэрээ байгаль орчинд хог тарихгүй байх. Тарваган тахал өвчний голомттой бүс нутгаас хууль бусаар тарвага агнахгүй байх. Тарваганы мах худалдан борлуулахгүй байх талаарх сэрэмжлүүлэг санамжийг аялагч, амрагч болон 670 гаруй иргэнд өгчээ.


Мөн Цагдаагийн газраас тарваган  тахал гарч болзошгүй Тосонгийн ам, Мөсөнгийн ам, Намын даваа гэх мэт газруудад “Тахал аюултай” гэсэн самбар байрлуулан ажиллажээ.



Түүнчлэн аялагч, амрагчдад байгальд хөлийн мөрөөс өөр юу ч битгий үлдээ гэсэн уриалгыг өгч аялж амарч явахдаа хогоо хогийн саванд хийх. Нэгдсэн хогийн цэгт хог дүүрсэн тохиолдолд хогоо аваад явахыг сануулжээ. Харин Сантмаргаз сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид Баяннуур, Холбоо нуур, Галуутайн голын эргээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж гол усны аюулаас урьдчилан сэргийлэх. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах. Нуур голын сав газар ил задгай бие засахгүй, автомашин угаахгүй, хог хаяхгүй байх талаарх санамж зөвлөмжийг хүргээд буй тухай аймгийн Цагдаагийн албанаас тус тус мэдээлэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ