Өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулав

Завханы Цагдаагийн газраас хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг иргэдэд уриалав.
Учир нь өсвөр насны хүүхдүүд шөнө оройн цагаар ямар ч зорилгогүй сэлгүүцэж, бие биеэ уруу татан согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх. Улмаар хоорондоо маргалдаж, зодолдох, гэмт хэргийн хохирогч болох эсвэл гэмт хэрэгт холбогдох явдал гарч байна.
Иймээс эцэг эхчүүд хүүхдийг шаардлагагүй тохиолдолд оройн цагаар гаргахгүй байх. Ямар хүүхдүүдтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь хянах, их хэмжээний мөнгө төгрөг өгөхгүй байх. Танихгүй хүний машин тэргэнд суулгаж хөдөө орон нутаг руу явуулахгүй байхыг анхааруулж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг энэ жил хэд хэдэн удаа гарсан байна.
Түүнчлэн сүүлийн үед иргэд цахилгаан хэрэгсэлтэй болгоомжгүй харьцсанаас болж эд эрхтнээсээ салах, түлэгдэх, гэмтэх асуудал гарч байна.
Иймд ялангуяа бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр цахилгаан плитк, халуун тогоо, пийшин, зуухны дэргэд үлдээхгүй байхад нийт эцэг эхчүүд анхаараарай. Мөн гар утсаа цэнэглэж байх үедээ утсаараа оролдохгүй байх, утсаар ярихгүй байхыг онцгойлон анхааруулж байна хэмээн аймгийн Цагдаагийн газраас дуулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ