Тусгаарлагдаж буй иргэд "тулхтай" байя!

Бид цар тахалтай холбоотой таагүй мэдээллийг өдөр бүр авсаар “Өнөөдөр хаана, хэдэн хүн коронавирусээр нас барсан байна” гэж асуух хэмжээнд хүрсэн нь эмгэнэлтэй. Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хамгийн хүчирхэг, хөгжингүй орнууд коронавирусийн өмнө өвдөг сөхөрч, цөхрөнгөө барж байгааг харахад өвчин тахал нэг дэгдэхээрээ юуг ч ялгаглгүй, юу ч зогсоож дийлдэггүй болохыг илтгэнэ. Энэ он гарсаар долоон сарын хугацаанд дэлхийн 192 оронд халдвар тархаж, 16.3 сая хүн халдварлаж, 651 мянган хүний амийг авч одсон байна. Харин Монгол Улсад коронавирусээр халдварласан 288 тохиолдол бүртгэгдээд буй. 


Монголд болон шинээр бүртгэгдэж буй бусад оронд ч вирусийн халдвар зөөвөрлөгдөн очиж буй. Монгол Улс гадаадад байгаа иргэдийг авах, тусгаарлах, шинжилгээ оношилгоо хийхэд маш их хөрөнгө зарцуулж буй. Хүн хүчний тухайд ярих ч юм биш. Унтах нойр, идэх хоолоо хойш тавьж, халаа чөлөөгүй ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, онцгойгийнхон, хил гаалийнхан, цэрэг, цагдаа нар энэ их үүргийг хүлээж байна. Халдварын нэг л тохиолдол нийгэмд тархвал яаж өвсөнд ассан түймэр шиг газар авдгийг АНУ, Бразил, ОХУ  гэх мэт их гүрнүүдийн гашуун сургамж бэлхнээ харуулж байна. 


Харин аз болоход Монгол Улс одоогоор аймшигт тахлын халдварыг нийгэм рүүгээ алдаагүй байна. Тиймээс гадаад орноос тэр дундаа халдварын голомтоос эх орноо зорьж ирсэн, ирэхээр зэхэж буй иргэд ухамсартай байж, вирусээс урьдчилан сэргийлэх төрийн ажилд хүндэтгэлтэй хандмаар байна. Байрыг нь голж, хоолыг нь шидэж, эмнэлгийн ажилтнуудтай хүндэтгэлгүй харьцаж, тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, дүрэм журам сахихгүй, тусгаарлах байранд байрласан мөнгөө төлөхгүй байгаа талаар мэдээлэл их сонсогдож байна.


Иргэд минь ээ, эх орноо гээд ирсэн монголчууд аа. Хэрэв та нар хүний нутагт байсан бол яах вэ. Харь оронд тэр чигээрээ хаягдсан бол хэрхэх вэ. Хэн та нарыг хооллож, орон байраар хангаж, эмчилж сувилах юм бэ. Энэ өвчнийг Монголд тараах эрсдэлт бүлгийнхэн та нар. Та бүхнийг тусгаарлаж байгаа нь гурван сая иргэнээ хамгаалж буй хэрэг. Бид цөөхүүлээ шүү дээ. Эцэст нь хэлэхэд дүрэм журмыг сахь, эмч нарыг ойлго, бусдыг хүндэл!  




Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ