Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Б.Ундармаагийн өмгөөлөгч Л.Баасанжав, О.Сайнгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралд ирээгүй юм. Иймд шүүхээс яллагдагч Б.Ундармааг өмгөөлүүлэх эрхээр хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2020 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлосон юм.
Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт яллагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ