З.Мэндсайхан: Бэлчээрийн даацад малын тоог тохируулах шаардлагатай байна

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Хархорум түүхт музейд Хангайн бүсийн аймгуудын удирдлагуудтай уулзлаа.


Уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа тул малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах шаардлагатайг малчдад ойлгуулах, гэгээрүүлэх ажлыг бүх түвшинд хийх хэрэгтэй байна. Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулж ажиллах ёстой” гэв.


Энэ жилийн хувьд зуншлага долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа гэсэн судалгаа байна. Говь-Алтай аймгийн 7, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Төв аймгийн 2, Дундговь аймгийн 9, Өмнөговь аймгийн 6, Дорноговь аймгийн 2 нийт 41 сумын нутгаар зуншлага тааруу байгаа юм.


Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал "Өвөрхангай аймагт зуншлага тааруу, малчид отор нүүдэл хийж, машин дотроо амьдарч байгаа нь цөөнгүй байна. Тус аймаг нийтдээ 9.6 сая толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр сонголт байхгүй" гэсэн юм.

Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан ч мөн хадлан тэжээлийн бэлтгэл хангахад хүндрэлтэй байгааг хэлэв. Тиймээс зуншлага сайн байсан аймгуудад хадлангийн талбай гаргаж өгөх, отрын бүсийн хуваарийг уян хатан хийх зэрэг саналуудыг дэвшүүллээ.


Засгийн газар болон холбогдох яамд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа ба төлөвлөгөөний дагуу бүсчилсэн уулзалтыг 5 бүсийн аймгуудад нэгтгэж хийнэ. Дараагийн уулзалт Хэнтий аймагт болох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ