30 жилийн өмнөх энэ өдөр анхны чөлөөт ардчилсан сонгууль болов

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1990 оны долоодугаар сарын 29 -нд Монголд анхны чөлөөт ардчилсан сонгууль болжээ. Монголчууд анх удаагаа оролцохгүй бол шийтгүүлнэ гэсэн айдас хүйдэсгүйгээр олон намаас нэр дэвшсэн олон хүнээс нэгийг нь сонгохоор саналаа өгсөн юм.
Ардын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой мажоритар зарчмаар, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын депутатууд пропорциональ зарчмаар сонгохоор тогтсон нь шинэ сонгуулийн онцлог байв. Анхны санал хураалтаар Ардын Их Хурлын сонгуулийн 430 тойргоос 402 депутат сонгогдсон юм. Үлдсэн 28 тойрогт дахин санал хураалт явуулж эцсийн дүн гарахад МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, МЧХН 1 суудал авч 51 хүн нам бусчуудаас сонгогдсон байна.
АИХ-ын чуулганаас байнгын ажиллагаатай парламент Улсын Бага хурлыг сонгож , 50 суудлаас МАХН 31, МоАН 13, МҮДН, МСДН тус бүр гурван суудал авчээ. Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдоржийг, орлогч даргаар К.Зардыханыг, Нарийн бичгийн даргаар Б.Чимид нарыг сонгож баталсан юм.
АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 1990 оны есдүгээр сарын 3-9 -нд чуулж, БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбатыг сонгосон. Ийнхүү Монголын төр анх удаа Ерөнхийлөгчтэй болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ