Олон улсын тархи судлалын эрдэмтэд Монголд чуулна

Шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж бэхжүүлэх зорилготой “Multidisciplinary Brain Science 2020” сэдэвт эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 14, 15-ний өдрүүдэд АШУҮИС-д болно. Тус хуралд Япон, Солонгос, АНУ, Канад, Франц, Малайз, Швед, ОХУ, БНХАУ, Энэтхэг улсын тархи судлалын шилдэг эрдэмтэд оролцох юм.


Монгол улсын нэрт эрдэмтэн судлаач, төрийн байгууллагын удирдлагууд, хувийн хэвшлийн ба олон нийтийн төлөөлөгч нарыг урьсан уг хуралд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Бон Киюн Каан, Щвейцар улсаас ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн газрын дарга асан, Дэлхийн Сэтгэцийн Эмч нарын Холбооны ерөнхийлөгч асан Норман Сарториус оролцох аж.


Тархи судлалын шилдэг эрдэмтэд сүүлийн үеийн ололт амжилт, туршлага, ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулах тул манай улсын эрдэмтэд, залуу судлаач нарт туршлага судлах боломж бүрдэнэ. Хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудын тархи судлалын хүрээлэнгийн удирдлагууд онлайн хэлбэрээр оролцох бөгөөд хүн амын шинжлэх ухааны болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тархи судлалын шинжлэх ухааны ач холбогдлыг таниулан сурталчлах боломж гарах аж.


Дэлхий дахинд 40 гаруй жилийн өмнөөс тархи судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөнөөр хиймэл оюун ухаанд суурилсан технологи, биотехнологи, генийн инженерчлэл, үүдэл эсийн эмчилгээ, сансрын биологи зэрэг салбаруудад үсрэнгүй дэвшилт гарч, үр дүн нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд түгээмэл хэрэглэгддэг болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ