Баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэхийг шаардав

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд иржээ. 


Иймд уяачдын дуу хоолойг хүргэх, эрх ашгийг хамгаалахаар тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 


Монголын Морин спорт, уяачдын холбооны дэд дарга Ө.Пүрэвбаатар: 


 2019 оны нэгдүгээр сарын 24-нд холбооны VII их хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь хурдан морины уралдааны хэрхэн зохион байгуулах тухай юм. 700 гаруй уяач цуглан уг хурлаар 64.3 хувийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтож, батлагдсан стандартыг баримтлан хурдан морины уралдааныг зохион байгуулахаар болсон. 


Энэ дүрмийн дагуу хоёр уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмаараа сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя, хэмжих явцыг нийтэд нээлттэй харуулъя гэх саналыг зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж аваагүй. Ингэснээр бүртгүүлсэн морьдын 58.1 хувь нь хасагдсан тул уяачид мэргэжлийн холбоондоо ихээр хандаж, санал гомдлоо илэрхийлж байгаа. 

Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход ямар морь уралдуулах нь тодорхойгүй байдал үүсээд байна” гэлээ. 


Тус холбооноос үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлжээ.


Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг аж. Тухайн төхөөрөмжийг Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгаж, баталгаажуулсан байна. 


Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монголын Морин спорт, уяачдын холбооноос холбогдох эрх бүхий байгууллагуудад: 


  • Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс Хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй, буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас АХ-ын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэх,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Улсын баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг бусад үндэсний спортын холбоодын нэгэн адил мэргэжлийн спортын холбоо болох ММСУХ-нд хариуцуулах, мэргэжлийн спортын холбоо нь өөрсдийн дүрмийн хүрээнд зохион байгуулж, хариуцлагаа хүлээх боломжийг хууль, эрхзүйн хүрээнд олгох,
  • Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...дүрмийг тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах;” гэснийг хэрэгжүүлж ММСУХолбооны VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага хүргүүлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ