"Сэлэнгэ-2020" сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлыг цахимаар хийлээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал цахимаар явагдлаа. Төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас “Дорнод” цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал С.М.Севрюков нар удирдаж, зургаан сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Хурлын эхэнд бригадын генерал Л.Онцгойбаяр “Эрхэм хуучны танил дэслэгч генерал С.М.Севрюков танд Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нар та бүхэнд энэ өдрийн мэндийг дамжуулсныг уламжилъя.
Манай хоёр улсын нөхөрлөл, цэргийн хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг “Сэлэнгэ-2020” хамтарсан сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурал Монгол Улсад өнгөрөгч 6 дугаар сард зохион байгуулагдах байсан ч дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас хойшилж, өнөөдөр цахимаар явагдаж байна. Бид хоёрдугаар шатны төлөвлөлтийн хурлыг зохион байгуулах бүх бэлтгэлийг хангасан байсныг дуулгах нь зүйтэй байх” гэсэн бол дэслэгч генерал С.М.Севрюков "“Сэлэнгэ” сургуулиудад хамтран оролцож байсан хуучны анд Л.Онцгойбаяр тантай ярилцаж байгаадаа таатай байна” гээд хамтарсан сургуулийн сэдэв, зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататган оролцох бүрэлдэхүүнийг тодотгоод, сургуулийг зохион байгуулах газар орныг тодорхойллоо.
Мөн хамтарсан сургуулийн бодлого, төлөвлөгөөнд тусгагдах саналыг харилцан солилцсоны зэрэгцээ цар тахлын нөхцөл байдлаас хамаарах асуудлын талаар ч ярилцсан юм. Тодруулбал, бригадын генерал Л.Онцгойбаяр “Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хил хаасан байгаа. Цаашид Улсын Онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас хамааран хамтарсан сургууль болох цаг хугацаа, тээвэрлэлтэд бага зэрэг өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй” гээд Монгол Улсын талаас сургуулийн бэлтгэл ажлыг хангаж буйгаа танилцуулсан юм.
Энэ жилийн “Сэлэнгэ” сургууль ОХУ-ын нутаг дэвсгэрт “Терроризмын эсрэг хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийг хөрш орны Зэвсэгт хүчний байлдааны салбаруудын болон тактикийн агаарын десанттай харилцан ажиллагаатайгаар бүслэн хааж устгах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг 9 дүгээр сард зохион байгуулахаар тохиролцсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ