Ногоон бүсэд орсон малыг хашиж байна

Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, хот тохижуулах газраас жил бүр бүх нийтээр мод тарих аян өрнүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын мандлын цэцгийг гаргаж, хотын өнгө үзэмж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг. Гэтэл мал бүхий иргэдийн хариуцлагагүйн улмаас ногоон бүсэд мал орж, хот тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.
Иймээс хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эвдэн сүйтгэсэн мал бүхий иргэдийн малыг хаших ажлыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зохион байгуулж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар мал хаших түр хашаанд 35 адуу, 25 үхэр хашигдсан байна. Эдгээр малын эздэд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай юм байна. Тиймээс хотын ногоон бүсэд мал бэлчээхгүй байхыг албаны эх сурвалж анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ