Монголчууд "Харвард"-аас зөв хүнд зөв боловсрол олгох ёс зүй шаардах уу?

    Хүн төрөлхтөнд коронавируст цар тахал "заналхийлж", улс орнууд эдийн засаг, эрүүл мэнд, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаар зүтгэж буй энэ үед хөх Монголын түшээд харин хөшөө, дурсгал барихад анхаарч сууна.   


Улсын мөнгө уйлдаггүй болоод л тэр, харвард төгссөн эсэх нь мэдэгдэхгүй хачин муухай хүн чанар, ёс зүйгүй улс төрч гарч ирлээ гэх мэтчилэн сошиалаар иргэд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна. Тэр ч бүү хэл тэр Харвардаас нь  зөв хүнд зөв боловсрол олгох ёс зүй шаардацгаая хэмээх уриалга бүхий комментийг ч зарим иргэд бичжээ. Өөрөөр хэлвэл түүх ,өв соёл,аялал жуулчлалын бүтээн байгуулалт нэрээр улсын мөнгө угаасан гэж "Харвард" төгссөн залуухан төрийн түшээг олон нийтийн сүлжээгээр хэдэнтээ буруутгасаар байна.   


     Нээрээ л тэрбум, тэрбумаар нь төсөвлөчихөөд шавар хутгаж, тоосго өрсөн болоод сураггүй болдог шуналтай хүмүүсээр энэ улс орон дүүрчээ. Үүний нэгэн жишээ бол Хэнтий аймгийн Батноров суманд байрлах “Андлалын өргөө” хөшөөт цогцолбор болон “Их хуралдай орд өргөө” юм. Тус бүр нь улсын төсвөөс хоёр тэрбум (5.7 тэрбум) төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дээрх цогцолборууд боссон байдаг.


"Хайран мөнгө, бүхэл бүтэн хоёр тэрбумаар тоглож байна”, “Андлалын Өргөөгөөр аялал жуулчлал хөгжих нь юу л бол”, “Жуулчид Андлалын Өргөөг сонирхохоор очно гэж үү” хэмээн олон нийтийн сүлжээгээр халагласаар.


    Уг цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж гэжээ. Гэтэл бодит байдал дээр тэс ондоо аж. Тодруулбал, Андлалын Өргөөнд очсон нэгэн иргэн “Энэ өргөөний шатаар хоёр биерхүү хүн зөрөх аргагүй давчуу. Дээш гараад тэр бөгс эргэх зайгүй мухарт яах ч юм бүү мэд. Энд ямар нэгэн ёслол үйлдэхэд хэцүү. Ингэхэд андлалын ёс, зан үйлийг хаана хийх юм бол, тэр дээр байгаа давчуу харанхуй хонгилд уу” хэмээн ёгтолжээ.


Энэ мэтээр элдэв гоё тайлбартай хөшөө шил шилээ даран сүндэрлэж, иргэдийг гайхашруулсаар байхуу?

Төсөв өртгийг нь хараад төрх байдлыг нь хүнд үзүүлэхэд  ч ичмээр хөшөө барьж, шав тавьж байхаар ядаж ажилгүй залуучууддаа ажлын байр бий болгомоор. Эдийн засгийн дэмжлэг, хөшүүрэг байвал үр ашгаа өгөх гээд байгаа хавтас дүүрэн жижиг дунд үйлдвэрлэлийн санааг нь дэмжиж болохгүй гэжүү! 

     

Угтаа 2,8 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Бодъё. Сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлэг, музей.. Одоо хүйтрэх тусам, утаа өтгөрнө. Ханиад, томуу ихэснэ. Өвдсөн хүүхэд, багачуудын тоо өснө. Эмнэлгийн хүрэлцээ хаанаа ч хүрэлцэхгүй болно. Ханиад томууны үеэр эмнэлэгт хэвтэх оргүй ээжүүд хүйтэн хонгилд хүүхдээ тэврээд хонодог дүр зургийг эрхэм түшээд мэддэг болов уу. Иргэд бидэнд яг одоо бол  хүлээлтдээ хүрээгүй хөшөө дурсгалаас илүүтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах эмнэлэг, хүүхдүүдэд аюулгүй тоглох талбай, ирээдүй хойчид маань сурч боловсрох сургууль хэрэгтэй байна. Үнэндээ хөшөө бариад хөгждөгсөн бол бид цойлж, "цоорох"-оор боллоо. Эдийн засгийн хөгжлөө "хөшөө" болгож царцаачихаад улсын мөнгө уйлдаггүй юм гэцгээж улиглаж суугаа Монголчууд минь одоо яах вэ?

 

 



Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ