Ж.Гантулга: Бага ангид зөвхөн Монгол хэл, Математикийн хичээл танхимаар орно

Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжын хэрэгжилтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр хуралдсан. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээл, сургууль эхлэх бэлтгэл ажилтай холбоотой зарим мэдээллийг танилцуулсан юм.


Тэрбээр “Энэ жил нийслэлийн сургууль, цэцэрлэгийн засвартай холбоотой 69 ажил хийгдэж буй бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 41-ийнх нь гэрээ байгуулагдаад ажил нь эхэлсэн, 14-ийнх нь тендер сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Үлдсэн 14 ажлынх нь төсөв тасалдсанаас болж хөрөнгө буцаан татагдах шийдвэр гарсан. Ажил нь эхэлсэн сургууль, цэцэрлэгийн засварын ажил одоогоор 67 хувьтай байна.


Жил бүр өвөлжилт нь хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн жагсаалтыг гаргаж, нэн шаардлагатай сургууль, цэцэрлэгүүд дээр нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 700 саяас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргаж завсар хийдэг. Энэ жил өвөлжилт нь хүндэрч болзошгүй 13 сургууль, цэцэрлэгт 698 сая төгрөгийн хөрөнгө гаргаж засварын хийгдэх төсөв батлагдсан" гэлээ.


Сургалтын үйл ажиллагаа танхимын болон танхимын бус гэсэн хэлбэрээр явагдана. Сум, тосгон багийн хувьд долоо хоногийн таван өдөр танхимаар хичээллэнэ. Харин аймгийн төв, Улаанбаатар хотын сурагчдад долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл хэлбэрээр сургалт явагдана.


Танхимын сургалтын бүлэг дүүргэлт 20-оос хэтрэхгүй хүүхэдтэй байна. Нэг өдрийн хичээл 4.5 цагаас хэтрэхгүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.Есдүгээр сард өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг бататгах чиглэлийн хичээлүүд орно. Тухайлбал, нэгдүгээр ангид эхний долоо хоногт бэлтгэл хөтөлбөр явах юм.


Танхимын сургалтаар,

  • Бага ангид: Монгол хэл, бичиг, Математик
  • Дунд ангид: Монгол хэл, бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх нийгэм, Англи хэл, Эрүүл мэнд
  • Ахлах ангид: Монгол хэл, бичиг, Математик, Эрүүл мэнд болон сонгох судлах гурав хүртэлх хичээл нь танхимаар орно. Бусад хичээл нь теле хэлбэрээр орно" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ