"Хонг Конг руу нислэг хийснээр Малайз, Тайван, Австралид байгаа иргэдээ авчрах боломжтой"

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
"Наймдугаар сарын 17-ны өдөр УОК-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрлийг авсан. Үүний дагуу бэлтгэлийг ханган иргэдэд мэдээлэл хүргэж, зорчигчдын бүртгэлийг энэ цаг үед хийж байна.
УОК-ын Шуурхай штабаас өнгөрсөн өдрүүдэд тусгаарлах байрны боломжийг аль болох нэмэгдүүлэх, нэмэгдсэн даруйд гадаадаас иргэдийг авах давтамжаа нэмэгдүүлэх чиглэлийг барьж байгаа.
Бид 170 гаруй иргэнийг авч ирэх боломж гарсан даруйд нэгдүгээрт Хонг Конгийн нислэгийг зарласан. Нислэгийн зөвшөөрөл авахтай холбоотой асуудлууд байсан. Иргэдийн хэлж байгаа шиг цаг хугацааны хувьд давчуу мэдээлсэн асуудал биш, шийд гарсан даруйд мэдээлж байгааг хэлье.
- Хонг Конгт МИАТ-ын төлөөлөгчийн газар байдаг.
- Хонг Конг томоохон онгоцны буудалтай ба олон улсын транзит зорчигчдыг авах боломж нээгдсэн газар.
Иймээс Хонг Конг руу энэ удаа нислэг хийж, нээснээр Зүүн өмнөд Азиас /Малайз, Тайван, Бангкок/ иргэдийг авах боломж бүрдэнэ. Цаашлаад Австрали болон Америкийн баруун эрэгт байгаа иргэдээс авах боломжтойг энэ дашрамд хэлье" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ