Х.Нямбаатар: Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2020.08.18) “Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчин бүрдүүлж, “E Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсад 2002-2003 оноос эрхзүйн шинэтгэлийн давалгаанууд эхэлсэн. Иргэн болон Эрүүгийн хуулийн хууль тогтоомжууд бүхэлдээ шинэчлэгдсэн. Улмаар 2015-2017 онд Эрүүгийн болон Зөрчлийн багц хууль тогтоомжууд батлагдан гарсан нь эрхзүйн шинэтгэлийн дараагийн давалгаа болсон. Харамсалтай нь 2015-2017 онд хийгдсэн Эрхзүйн шинэтгэлийн давалгаанд иргэний эрхзүйн салбар, арилжааны эрхзүйн зохицуулалтууд өртөөгүй. 2002 онд батлагдсан Монгол Улсын иргэний тухай хууль үүргээ төдийлөн сайн гүйцэтгэж чадсангүй.
Өнгөрсөн 18 жилийн хугацаанд иргэний хуулийг шинэчлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас ч дорвитой алхмууд хийгээгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний эрхзүйн хууль нь хувийн өмч, хөрөнгө оруулалтын нөхцлийг хангаж чадахгүй, иргэний эрхзүйн маргаанаас үүдэн гарч байгаа маргааныг зохицуулах үйл явц нь ойлгомжгүй бйана. Үүнээс үүдэн үндэсний хууль тогтоомж орлуулагдах хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, Монгол Улсын хоёр бизнес эрхлэгч томоохон хэлэлцээр хийхдээ Сингапурт очиж тус улсын хууль тогтоомжоор гэрээгээ хийж, маргаанаа Сингапурын хууль тогтоомжоор зохицуулах түвшинд хүржээ.
Тиймээс Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бизнесийг арилжааны хуулиар зохицуулах талаар тусгаж өгсөн. Мөн хэрэглэгчийн гэрээний тухай хууль болон компанийн тухай хуулийг шинэчлэх шаардлага бий.
Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа даалгавар, анхааруулга авсан. Мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстой. Тиймээс мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалтыг хийнэ. Ингэхдээ өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлснээр үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгоно. Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг.
ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлнэ. Энэ нь хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байгаа. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх санал гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ