Хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас өнөөдөр (2020.08.18) мэдээлэл хийлээ.


МХЭГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа "Сургууль, цэцэрлэгүүд эхлээд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Хийгддэг ажил хэдий ч заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой. Мөн багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгана. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ халдвараас хамгаалж, сэргийлэх хэрэгтэй.


Хэрэв таны хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхээ үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэнэ. Харин цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй. Сургуулийн сурагчид, багш, ажилчид бүгд амны хаалт зүүх шаардлагатай" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ