Лангуу түрээслэгчдэд QR код байршуулж, иргэд НӨАТ-ын баримт авдаг болно

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээний талаар Татварын ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өглөө. 


Зарим бичил бизнес эрхлэгчид төлбөрийн баримт олгох зардал хүндрэлтэй гэх шалтгаанаар баримт олгохгүй байгаа тохиолдол бий. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зарилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтэрүүлсэн талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.


Энэхүү баримтыг пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгох аж. Тодруулбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар иргэдэд и-баримт өгч чадахгүй татвар төлөгчид ашиглах боломжтой юм.

Монголын татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулна.  


Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "НӨАТ төлөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой байгаа. Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжсэн шинэ хуулиар иргэдэд улирал бүрд буцаан олголтыг өгч байгаа. Эхний хоёр улиралд 830 мянга гаруй иргэнд буцаан олголт өгсөн. Баримт олгодоггүй аж ахуйн нэгжийн тоо 2016 оныхтой харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа нь хуулийн хэрэгжилт сайн байгаагийн илрэл болж байна. Аж ахуйн нэгжүүд маань төлбөрийн баримт өгөхийн тулд заавал посын машин худалдан авах шаардлагатай байсан. Тэгвэл одоо ийм шаардлагагүй боллоо. 

Цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг ашиглан баримт олгох боломжтой боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна. Томоохон QR кодыг хананд наах хэлбэрээр хэвлэн аж ахуйн нэгжүүдэд тараана. Харин жижиг бизнес эрхлэгчид утасны ард наалт хэлбэрээр QR кодыг байршуулах боломжтой" гэлээ. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ