ЭМЯ: Гараа угаах, маск зүүх, хоорондын зай барихыг амьдралын хэвшил болгох хэрэгтэй

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 22 сая 48 мянган хүн өвчилж, 787 мянган хүн эндсэн байна. Харин 15 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Дэлхийд 24 цагийн дотор 234 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн. Энэтхэгт 54 мянга, АНУ-д 41 мянга, Бразилд 19 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна. Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4784 гаруй хүн шинээр халдвар авч, 132 хүн энджээ. БНХАУ-д 54 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Япон, Солонгос улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна. Ялангуяа Японд 918 гаруй хүн халдвар авч, 16 хүн энджээ. Солонгос улсад 297 тохиолдол бүртгэгдэв. Шөнийн цэнгээний газрууд, фитнесс зэрэг газрын үйл ажиллагааг хаасан. Мөн зай барих дэглэмийн хоёрдугаар шатанд шилжсэнээ зарласан.
ДЭМБ-аас “Нэг хүн л коронвирусийн халдвартай байхад дэлхийн бүх хүн эрсдэлтэй. Тиймээс хүн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ, халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан баримтлах шаардлагатай” гэсэн. Гараа угаах, маск зүүх, хүн хоорондын зай барихыг өөрийн амьдралын хэвшил болгох хэрэгтэй.
Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн халдвар гэр бүлийн хүрээнд илүү тархаж байна. Тиймээс шинж тэмдэг нь балархай халдвартай хүмүүсийг эрт илрүүлэх, хүн тус бүр тусдаа аяга, халбага, алчууртай байхыг сануулсан. Ковид19-тэй балархай шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн өтгөнөөс халдвар илэрчээ.
Манай улсад 3098 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 63 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ