Ажлаасаа гарч хүүхдээ харах уу, азанд найдан гэртээ цоожлох уу?

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ жил хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасууллаа”. 


Тэднийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэрийг салбар яамнаас тайлбарлахдаа “Хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй.

Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ"  хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, хоёр настнуудыг улсын болон хувийн аль ч цэцэрлэгт элсүүлэхгүй гэсэн үг.


Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой гэсэн. Хүүхдүүд гэртээ  эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ дэмжих вэ гэдэг хүндхэн сонголтын өмнө ирээд байна. 


Тодруулбал, харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх болчихоод байна. Түгжигдлээ гэхэд хүүхэд их эрсдэлтэй. Гал, ус, өндрөөс унах гээд бодохоос ч аймар. Адаглаад л түлэгдчих вий, бэртчих вий, уначих вий гэсэн айдастайгаар эцэг, эхчүүд тайван ажлаа хийж үл чадна.


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд 10 хоногийн хугацаа үлдсэн байна. Ямартай  ч өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагыг багасгах, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар тодорхой болгохгүй бол болохгүй нь. Угтаа эцэг, эхийн аль нэгийг гэрт нь буюу цахимаар ажил хийх нөхцлөөр хангах зайлшгүй шаардлагатай байна. Ингэхийн тулд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдвэр гаргая. 


Өөрөөр хэлбэл хувь, хувьсгалын байгууллагууд хүүхдийн эрүүл, аюулгүй орчны төлөө сайн дураараа хоёр настай хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ ажиллах боломжийг санал болгоё. Салбарын яамнаас ч мөн энэ асуудалд хүүхдэд ээлтэй бодлого боловсруулах хэрэгтэй байна. Эс бөгөөс ажлаасаа гарч хүүхдээ харах уу, азанд найдан гэртээ цоожлох уу гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.   

 

 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ