"Хүүхэд араатанд уруулж, эрүүл мэндээрээ хохирвол торгохоос өөр хариуцлага байдаггүйд гомдолтой байна"

Хоёр настай охиныг урд хашааных нь хоёр, гурван нохой урж, эмнэлэгт хэвтэхэд хүргэжээ.

Г

эсэн ч уг хэргийг Зөрчлийн тухай хуулийн хүрээнд нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлээд хаахаар болсон байна. Охин нохойд уруулдаг өдөр буюу долоодугаар сарын 28-нд аав, ээж нь хөдөө ажлаар явчихсан байсан бөгөөд 11 дүгээр ангийн эгч нь өндөр настай өвөө, эмээтэй нь хамт харж байжээ.


Болсон явдлын талаар нохойд уруулсан охины авга эгч Г.Батсайхан: 

 “11 дүгээр ангийн эгч нь хажуу хашааныхаа айлд хичээлээ хийж байгаад жорлон явах гээд гэрээс гарахад охин дагаж гараад нохойд хазуулчихсан гэсэн. Түүнийг гэрээс нь гарах үед хоёр, гурван нохой нэгэн зэрэг дайрч, цус нөжтэй нь хольтол урж, зуусан гэж гэрчүүд хэлж байгаа юм.


Хамгийн гол нь урсан нохой нь манай хажуугийн айлынх биш бөгөөд урд гудамжны айлын нохой тэдний хашаанд орж ирээд дүүг маань хазсан байсан.

Тэжээвэр амьтнаа сул явуулж, хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гээд бид Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч хуулийн дагуу нохойн эзнийг 100,000 төгрөгөөр торгоод л энэ хэрэг хаагдах гэж байна" гэв.


Мөн тэрбээр "Надад айж ичээд байх зүйл алга. Хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Нохойд уруулснаас болоод нийт есөн оёдол тавиулсан. Өнөөдөр (2020.08.18) хамгийн сүүлийн оёогоо авхуулсан.


Гэтэл тус хэргийг шалгаж байгаа байцаагч нь "Дүүгийн чинь гэмтлийг эмнэлгийн магадалгаагаар хөнгөн гэмтэл гэж үзсэн учраас Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох л арга хэмжээ авна. Тиймээс тухайн хүний торгуулийн 100,000 төгрөгийг улсад өгч байхаар танайх авсан нь дээр" гэж зөвлөсөн.


Хамгийн гол нь дахиад миний дүүгээс өөр хэн нэг хүүхэд араатанд ингэтлээ уруулж, эрүүл мэндээрээ хохирвол 100 мянган төгрөгөөр торгохоос өөр ямар ч хариуцлага байдаггүй гэдэгт нь гомдолтой байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ