"Цэцэрлэгийн гадна үлдсэн 5087 хүүхдийг төрийн зардлаар хувийн цэцэрлэгт сургана"

Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр дараах мэдээллийг өглөө. 

"Цэцэрлэг хүүхдийн маш онцгой байгууллага. Томуугийн дэгдэлтэд халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхэд эзэлдэг. Тиймээс дараах хэдэн хэдэн зөвлөмжийг гаргасан.

  • Нэг бүлэгт 20-оос дээшгүй хүүхэд хүмүүжинэ
  • Цэцэрлэг ажлын 5 өдөр, хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана
  • Гэр-цэцэрлэг-гэр гэсэн маршрутаар хүүхдээ авч явах, олон нийтийн газар дагуулж явахгүй байх. Хүүхдээ цэцэрлэгт авч ирэхдээ, явахдаа амны хаалт зүүлгэх. Цэцэрлэг дээрээ амны хаалт зүүх шаардлагагүй.

Бид өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургуулийг ажиллуулах гэж байгаа гэдгийг анхаараарай. Өмнө нь явж байсан 3-4 настай хүүхдээ хамруулаад, анги танхим илүү байгаа бол зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулах сайдын тушаал гарсан. Бид сургууль, цэцэрлэгийн захиргаануудтай хамтран шаардлагатай байгаа хэрэгцээнүүдээ нарийвчлан гаргалаа. Тиймээс төрийн бус өмчит цэцэрлэгийн сул орон зайг ашиглан 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт төрийн өмчийн зардлаар авах ажлыг хийнэ.  Анги танхимын хүрэлцээ  тааруу байгаа зарим цэцэрлэгт зориулалтын барилга байгууламжийг түрээсэлж ажиллуулах талаар Нийслэлийн Боловсролын байгууллага аймгуудаас мэдээллээ аван, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Харин 5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт 100 хувь хамруулна. Эцэг эхчүүд оршин суух харьяаллынхаа дагуу хамран сургах тойрогтоо хүүхдээ элсүүлээрэй гэж зөвлөх байна. 

Сайдын тушаалаар баталсан түр журмыг зөрчин 2 настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлсэн эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах эрхтэй. Шалгалтын явцад зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ