А.Амбасэлмаа: 631 хүнд шинжилгээ хийхэд КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогийн байдлаар 10 хүн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэдний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь лабораторид  631 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, 

  • Наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа, тээврийн 31 жолоочийн шинжилгээ,
  • Наймдугаар 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ,
  • Сувилалд тусгаарлагдаж байгаа 17 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 71 хүний давтан шинжилгээ,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ багтаж байна.

Манай улсад 298 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 288 эдгэрсэн бөгөөд 30 сувилалд, 40 гэрийн ажиглалтад, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

Цахим орчинд тусгаарлалтад байгаа иргэдийн шинжилгээний хариуг бичгээр авах гээд авч чадахгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар тэрбээр “Өдөрт 300-400 зарим үед 800 хүний шинжилгээг хийж байна. 20 мянган шинжилгээ хийсэн байна. Хүн бүрийн шинжилгээний хариуг өгөх боломжгүй ч шаардлагатай тохиолдолд бичгээр олгож байна. ХӨСҮТ 1а байрын 4 давхарт очиж учир байдлаа хэлбэл хариуг өгнө” гэсэн юм.

ДЭМБ 12-ООС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 23 сая 39 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 15 сая 849 мянга гаруй хүн эдгэрч, 810 мянга гаруй хүн эндлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 249 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 4921 хүн шинээр халдвар авч, 121 хүн эндэв. БНХАУ-д 38 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь гадны орноос иржээ. БНСУ-д өчигдөр 397 хүн халдвар авч, 10 нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

ДЭМБ 12-оос дээш насны хүүхдүүдийг амны хаалт зүүхийг зөвлөжээ. 6-11 насны хүүхдүүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүд эрсдэлтэй орчинд амны хаалт зүүх хэрэгтэй.

Манай улсын хувьд өчигдөр (2020.8.22) 267 хүн ажиглалтаас гарч, 278 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3228 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 85 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр нэг иргэн Япон улсаас холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд долоо, онлайнаар гурван хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ