“Оролцооны хяналт шинжилгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” сургалт эхэллээ

Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” зүүн бүсийн сургалтыг энэ сарын 24-25-нд Дундговь аймагт зохион байгуулж байна.


Тус сургалтад зүүн бүсийн 7 аймгийн Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа аж.

Түүнчлэн уг сургалтаар орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхад суралцаж байгаа юм.


Өнөөдөр дээрх бүсийн сургалтыг нээж, Дундговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Бат-Эрдэнэ, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ахлах ажилтан Б.Цолмон нар үг хэлсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга О.Амарбал жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг тайлагнах, нэгдсэн загвар, захиргааны бүртгэл, маягтыг танилцууллаа.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ