Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллав

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн төгсгөлийн шатны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцсоны дараа Зэвсэгт хүчний 186 дугаар ангид үргэлжлүүлэн ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг тус ангийн хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, БХЯ-ны СБТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа С.Ганбямба, ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлстийн дарга, хурандаа Д.Энхсайхан нарын албаныхан ажиллажээ.
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг зохион байгуулалцахад ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид хэдэн сарын өмнөөс л идэвхийлэн зүтгэсэн. Зүтгэлийн үр дүнд сургууль амжилттай явагдсаныг уулзалтын эхэнд онцлоод ангийн ололт амжилт, бэлэн байдлыг дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга зам, өвөлжилтийн бэлтгэл ажил зэргээр мэдээлэл өгөв. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзжээ. Тэрбээр “Юуны өмнө Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, үүрэг гүйцэтгэсэн та бүхэнд баярласнаа илэрхийлье. Энэ сургууль иргэдийг эх орноо батлан хамгаалах үүргийг нь ухамсарлуулсан маш үр дүнтэй сургууль болж чадлаа.
Сургуульд оролцсон бэлтгэл үүрэгтнүүд “Бид энэ үүргээ мартсан байжээ. Үүргийг минь ойлгуулсан Зэвсэгт хүчинд баярлалаа. Аймаг бүрт энэхүү сургуулийг жил бүр алгасахгүй зохион байгуулбал тун сайн сан” гэж хэлж байна. Энэ бол иргэдийн сэтгэгдэл. БХЯ, ЗХЖШ-ын үндсэн гол зорилгын нэг нь Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалах байнгын бэлтгэлжилтэй болгох юм. Энэ бэлтгэлжилтийг л хангахын тулд аймаг орон нутагт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг тараан байршуулдаг нь ийм учиртай. Сургуулийн удирдлагуудын илтгэлийг сонсож байхад нийгэмд энэ хэрэгцээ шаардлага маш их байгаа бөгөөд иргэдийн эх орноо гэсэн чин сэтгэл ч дүүрэн байгаа нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн янз бүрийн салбарт ажиллаж байгаа бэлтгэл үүрэгтнүүд өөрийн эрхэлж буй ажил, хөдөлмөрийнхөө хажуугаар эх орноо хамгаалах нэн тэргүүний үүргээ ухамсарлаж чадсан нь сургуулийн гол үр дүн. Сургуулийн явцаас харахад бэлтгэл үүрэгтнүүдийн ур чадвар, буу, зэвсгээ эзэмшиж буй байдал нь нэлээд цэгцэрсэн байна. Удирдсан дарга ч “Их богино хугацаанд сэргэлт авсан” гэв. Мөн манай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зэвсэглэл, техникүүдийнхээ бэлэн байдлыг хангаж, нэлээдгүй ажил хийсэн нь харагдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү сургуулийг цаашдаа жил бүр тогтмол явуулах шаардлагатай гэж хэлсэн нь бидний ажлын үр дүн. Өнөөдөр дэлхий даяар цар тахалтай, эдийн засаг амаргүй байгаа ч төр, засгийн удирдлагууд нийгмийн ач холбогдол талаас нь харж, ойлгож, дэмжиж байгаа нь чухал юм” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн төлөө авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөв. Тухайлбал, “1990 оноос хойш Батлан хамгаалахын сайдаар 15 хүн томилогдон ажилласан байдаг. 16 дахь нь миний бие. Цэргийн хүний хувьд томилогдон ажилласан анхных нь хошууч генерал Ж.Гүррагчаа. Миний бие хоёр дахь нь. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд 35 дахь жилдээ алба хааж байгаагийн хувьд хийх ажил минь тодорхой. Алба хаагчдынхаа ажиллах орчин, амьдрах нөхцөлийг нь дээшлүүлж, цэргийн алба хаасан иргэдийг нийгэмд давуу эрхтэй байх тогтолцоог бүрдүүлэх нэн тэргүүний зорилго тавиад ажиллаж байна.
Миний анхны томилолт Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас эхэлж, үргэлжлүүлээд бүтээн байгуулалтад оролцож байгаа цэрэг, дайчдаа эргэсэн. Бүтээн байгуулалтад оролцож байгаа манай бие бүрэлдэхүүн шинэ түүх бүтээж байгааг хараад өөрийн эрхгүй бахархаж явлаа.
Монгол Улс батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжоо 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд амжилттай шинэчилж чадсан. Нийгмийн чиг хандлага, бусад хуулиудтай нийцүүлж боловсронгуй болгосныг та бүхэн мэднэ. Эдгээр хуулиа хэрэгжүүлэх том ажил бидний өмнө байна. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний шинэчлэлийн асуудлаар томоохон ажил эхлүүлээд явж байгаа нь маш зөв.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын сургалт бэлтгэл, бэлэн байдлын тогтолцоо, дайчилгаа гээд бүх талыг нь цэргийн мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх суурийг тавьж эхлээд байгаад баяртай байна. Энэ их зөв чиглэл. Үүний жишээ нь Хуурай замын цэрэг болон Агаарын цэрэг гэсэн хоёр командлал бүрэн бие дааж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Удирдлага, төлөвлөлт, менежментээ өөрсдөө аваад явчихдаг болчихлоо. Энэ мэтчилэн эрх зүйн шинэчлэл үр өгөөжөө өгч байна” гэв.
Үүний дараа Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнагдсан зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад шагналыг нь гардуулан өгч, тус ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэнд Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулалцлаа хэмээгээд “Талархал” гардуулжээ.
Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Дайчилгаатай команд штабын хээрийн сургуульд идэвх зүтгэл гаргаж ажилласан алба хаагчдад талархал дэвшүүлж, цаашдын албанд нь өндөр амжилт хүсчээ.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ