Баатар гэж хэн бэ?

Баатар ....гэхэд танд юу санаанд чинь ордог вэ?

Магадгүй сүүлийн үеийн залуучууд, өсвөр насныхан “Marvel”-ын баатруудын нэрийг хэлэх байх.

Монгол баатар гэвэл тэд юу гэж хариулах бол тааж үзье хэдүүлээ. “Сүхбаатар, Чингис, Жамух эсвэл бүр Олимп, тив, дэлхийн баатруудыг дурдах биз ээ. Тэгвэл хог үүрсэн нэгэн тэдний баатар байж болох уу?

Таны дэргэдүүр хог түүгээд жилийн дөрвөн улиралд өнгөрдөг хүмүүсээс та зугтаж эсвэл зарим нэг нь үзэн ядсан бодлоор дүүрэн зөрнө. Гэхдээ тэдний амьдралын талаар та жаахан ч гэсэн бодож үзсэн болов уу. Тэд таны гудамжинд тоолгүй хаясан хогийг хогийн цэг, пүнкэр дотроос хоёр улаан гараараа ялгаж нуруундаа ихэдсэн ачааг тээвэрлэн дахин боловсруулалтад бэлтгэж өгдөг хүмүүс. Тэднийг бид “арчаагүй, амьдралаа авч явах чадваргүй түүнээсээ болоод л ингэж яваа” гэж буруу шааж ам уралдан ярихаас илүүтэй тус хүргэдэггүй. Гэвч бидний тоолгүй орхисон шуудайтай 20 мянган иргэдийн дунд ч амьдрал буцалж ертөнцийн гоо сайхан байдаг гэвэл та итгэх үү...? Засгийн газраас тэднийг тоолохдоо ердөө 300 хүн гэж бүртгэжээ. Гэвч нэг л дүүргийн түүхий эд хүлээж авдаг цэгүүдэд очдог иргэдийн тоо 3000 хол давж байгааг эх сурвалж өгүүлж байсан юм. Энгийн үйлчилгээний газар үйлчлүүлж чаддаггүй, дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ ч худалдаж авах эрхгүй, олон нийтийн газраар явахаасаа ч айдаг эдгээр хүмүүс танаас, надаас айдаг. Айдсаасаа болоод Сүхбаатарын талбайгаар ч явж чаддаггүй гэнэ. Хүний нүд эгцэлж харж ч чаддаггүй эдгээр сүг чамайг гар далайхад өөрийн эрхгүй бөхөлздөг. Харин бид муу баатар ялсан аятай аяглан хамаг байдаг муу үгсээ урсгаж хамт яваа найз нөхдөдөө онгирно.

Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж өлсгөлөн зарлаагүй нийгмийн бүлэг гэж байхгүй болжээ. Эмч нар, багш нар, урлаг соёл, улс төрчдийн талаар бүр ярих ч хэрэггүй байнгын жагсаж өлсгөлөн зарлахаараа айлгаж сүрдүүлдэг.

Тэгвэл энэ иргэд тэгсэн болов уу.Тэд танаас хоолны мөнгө, унааны мөнгө, өмсөх хувцас гуйсан уу? ...Үгүй найз аа. Тэд “бид нар өлсөж байна гэж засгийн газраас мөнгө нэхсэн үү, тэд өлсөхөөрөө төрийг, засгийн газрыг сүрдүүлсэн үү”...бас л үгүй. Харин тэд чамайг, намайг бодвол шударга хүч хөдөлмөрөөрөө өөрсдийгөө болгосоор ирсэн. Бидний хамраа чимхээд өнгөрдөг хогон дунд жилийн дөрвөн улиралд хутгалдан хог ялгаж хоёрдогч түүхий эд бэлтгэдэг. Тэгснийх нь төлөө бид харин буруутгаж зэмлэл, хараалын үгсээ шидэлсээр л байна.

Бид энэ иргэдээ тоохоо больсон, тоох нь битгий хэл бүр хаячихсан. Тэд ч Монгол улсын сонгууль өгөх эрхтэй иргэд гэдгийг улстөрчид мартжээ.

Залуу уран бүтээлчдийн бүрэлдэхүүн болох Space энтертаймент та бидний мэдэхгүй нийгмээс ялгарч өөрийгөө ялж чадсан Д.Хүрэлбаатар гэх бодит хүний тухай нэгэн сонирхолтой баримтат кино хийсэн нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй.

“Баатар” баримтат киноны гол агуулга нь нийгмийн хамгийн доод шатнаас өндийж чадсан ялагчийн тухай өгүүлэх юм байна.

“Баатар” баримтат кинонд нийт 40 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд тэр дундаа кино уран бүтээлчдийг танилцуулъя.

Ерөнхий продюсер Э.Тэмлүүн, Гүйцэтгэх продюсер Х.Оюунтуяа\Анна\, Ерөнхий найруулагч, зохиолч Ч.Билгүүн, Хөгжмийн зохиолч, найруулагч Б.Лувсанлхүндэв, Дууны найруулга, бүүм оператор Г.Батжаргал, Зургийн найруулагч Г.Бат-Ирээдүй, Зургийн дарга Э.Энхсүх, Зураглаач, эвлүүлэгч Н.Гэгээнсүрэн, Зураглаач Б.Галбадрах, Пост продакшин Э.Энхсүх, Ё.Чанцалдулам, Г.Энхболор, Нүүр хувиргагч Г.Нарангэрэл, Жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Интерьер дизайнер Б.Цэрэнчимэд, Стилист дизайнер Б.Ууганцэцэг, Гэрэлтүлэгч Л.Маналжав, Тайзны инженер О.Дугарсүрэн нар “Баатар” баримтат кинонд ажиллажээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ