Уфагийн урлагийн их сургууль төгссөн анхны монгол оюутан Д.Энэрэл: Намайг аварсан "Аквариум"

-Юуны өмнө сургуулиа амжилттай төгссөнд баяр хүргэе.
-Маш их баярлалаа.
-Ярилцлагынхаа эхэнд Уфагийн урлагийн их сургуулийн талаар ярихгүй юу. -ОХУ-д 180 гаран үндэстэн, ястан (национальность) амьдардаг. Монголчууд бидэнтэй царай зүсээрээ үл ялиг төстэй, нүүдэлчин түүхтэй башкир хэмээх үндэстэн тэдэн дунд бий. Башкируудын нутагладаг Башкир бүс нутаг (республика)-ийн нийслэл Уфа хотод би сурч төгссөн л дөө. Оросод мундаг сургуулиуд олон бий. Тэдэнтэй харьцуулбал манай сургууль тийм шилдэг нь биш ч яг л ижил системээр сургалтаа явуулдаг, хөгжиж буй их сургууль л даа. Оюутнууд нь ангидаа заавал башкир болон орос групп гэж хоёр хуваагдана. Манай ангийн хувьд башкир, оросуудаас гадна хоёр гадаад оюутантай байсан. Нэг нь монгол, нөгөө нь сири. Группт хуваагдсан оюутнууд холилдож нийлээд юм хийж болно. Бас заримдаа яалт ч үгүй хуваагдах үе гарна. Би сургуулийнхаа тайзан дээр эх хэлээрээ олон удаа ярьсан. Өөр том том сургуулийн тайзан дээр монголоор юм хийх боломж олдох нь юу л бол. Харин Уфагийн урлагийн их сургуулийн хамт олон оюутан бүрийг болж өгвөл эх хэл дээрээ ажиллаасай гэсэн байр суурьтай байдаг.
-Яагаад энэ сургуулийг сонгов?
-Хувь тавилангаараа л сонгосон гэж боддог. Би энэ сургуульд анх бие дааж, бусадтай өрсөлдөлгүйгээр өөрийгөө хөгжүүлж бас сонсох гэж оролдох болсон. Өмнө нь ГИТИС, РГИСИ, МХАТ зэрэг их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн ч амжилт олоогүй. Тэгээд таньдаг хүнээсээ энэ сургуулийн талаар олж мэдээд, захидал бичсэн чинь элсэлтийн шалгалтанд хамрагдах хүсэлт тавьсан. Өөртөө урам хугарах, итгэх, өөрийгөө бүтээх бүх боломжийг олгосон сургуульдаа маш их талархдаг. Оюутан бүр онцлогоо мэдээд, би давтагдашгүй ганц гэдгээ мэдрээд төгсдөг байх гэж боддог юм. Төгсөөд жүжигчин болохгүй ч хийх дуртай зүйлээ олчихсон, өөрийгөө ойлгодог болчихсон төгсөгч нар бий. Шилдэг нь биш ч сургууль маань надад багагүй туршлага хуримтлуулж, дүүрэн дурсамж үлдээсэн. Мөн надад өөрийгөө ажиглаж, сонсож, хажуунаас нь харах боломж олгосон. Ер нь өөртэйгээ танилцах бяцхан гараа болсон юм уу даа.
-Танай сургуулийг төгссөн монгол хүн хэр олон байдаг вэ?
-Миний мэдэхийн Уфагийн урлагийн их сургуулийн театрын факультетыг төгссөн нэг ч монгол оюутан байхгүй. Би анхны төгсөгч нь. Харин зургийн ангийг нэлээн дээхэн үед монгол охин төгсөж байсан гэнэ билээ. Ер нь Уфад монгол оюутан маш цөөн байдаг. Жилийн өмнөөс л нэлээн нэмэгдсэн сурагтай.
-Та ямар мэргэжлээр төгсөв?
-Тайз, дэлгэцийн жүжигчин мэргэжлээр.
Нэр хүндтэй сургуульд бол гадаад оюутанд нэлээд чанга ханддаг. Тавигдах шаардлага, босго нь өндөр, орос оюутнуудаасаа хоцорч болохгүй шүү дээ. Харин манай сургуулийн авууштай нэг сайхан зүйл нь хамт олон. Тэд намайг ойлгох гэж, дэмжих гэж маш их хичээсэн шүү.
Охинтой болоход хичээл, сэтгэл зүй хоёрт минь их нямбай хандаж, анги, хамт олон намайг маш гоёор дэмжсэн. Сургуулийн хамт олон тухайн оюутны юу мэдэрч байгаад анхаардаг. Алдвал "Зүгээр ээ, ийм зүйл байдаг", оновол "Чи мундаг байлаа" гэж ойлгуулж, ном их уншиж, даруухан явахыг зөвлөнө. Одоо бодоход манай ангид онгироо зангүй, тэс ондоо чаддаг зүйлтэй хүүхдүүд сурдаг байж. Хэцүү хүнд үед маш ихээр ойлгож, буруудах гэсэн үед маань зөв рүү чиглүүлж өгч байсан сургуулийнхаа хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж явдаг юм.
-Гадаадад дөрвөн жил сурна гэдэг амаргүй л дээ. Амьдрах байр, сургалтын төлбөр гээд л...
-Ер нь гэрээсээ хол сурч, амьдарна гэдэг амаргүй. Сэтгэл зүйгээ л сайн бэлдэх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж явах учраас бүгдийг шинээр сурдаг юм билээ. Хүнтэй яаж харьцах вэ, өвдсөн бол яаж түргэн эдгэх вэ гэх мэт жижиг сажиг асуудлаас эхлээд л том болох шаардлага гарна.
-Та ангийнхныхаа талаар ярихгүй юу...
-Ангийнхан маань бүгдээрээ өөрийн гэсэн ертөнцтэй, авьяастай, биеэ даасан, эелдэг, цоглог залуус. СУИС-д гоё ганган залуус маш олон. Тэд бүр тийм байх ёстой юм шиг гоё цэмцгэр хувцаслаж, биеэ авч явдаг бол Уфагийн урлагийн их сургуулийн оюутнууд энгийн хувцаслаж, ихийг мэддэг нь таалагддаг. Тэднээс олон зүйл дээр үлгэр жишээ авч явдаг аа.

-Та зохиолч, яруу найрагч Өлзийтөгсийн "Аквариум" өгүүллэгээр дипломын ажлаа хамгаалсан гэлүү?
-Тийм ээ. Гуравдугаар курсээсээ "Аквариум" дээр ажиллаж эхэлсэн.
-Энэ зохиолыг яагаад сонгов? Юу нь тэгтлээ таны сонирхлыг татав?
-Гуравдугаар курсэд ганц хүний монолог сонгох хэрэгтэй болоход багш надад монгол материал сонгохыг зөвлөсөн. Тухайн үеийн сэтгэл зүй, ганцаардал дээр минь найз болох гэж, түших гэж гэнэтийн зочин болж ирсэн байх аа гэж боддог юм. Учир нь одоо ингээд эргэж бодохоор надад тэр үед "Аквариум" өгүүллэг л маш их хэрэгтэй байсан юм шиг. Тэр өгүүллэгээр дамжуулж жинхэнэ өөрийгөө бас харсан юм шиг...
Өлзийтөгс эгчийн өөрөөсөө хэлтэлж үлдээсэн тэр өгүүллэг хүнд үеэсээ гарахад надад том хөшүүрэг болсон. Олон ч эмэгтэй болон эрэгтэй хүнийг тольдож болмоор тийм бүтээл. Тийм болохоор зөн совингоороо "Аквариум", бид хоёр бие биеэ олсоон гэж боддог.
-Дипломын ажил хийж байхдаа Өлзийтөгс зохиолчтой холбогдож байсан уу? Тэр танд юу гэж зөвлөв?
-Холбогдолгүй яах вэ. Эхлээд энэ өгүүллэгийн зохиогчийн эрхийг авахын тулд холбогдсон. Надад зөвлөхөөс илүү маш сайхан урам хайрладаг байв. Надад итгээд өгүүллэг дээрээ ажиллах боломж олгосон Өлзийтөгс зохиолч танд баярлаж явдаг шүү.
-Ер нь та хоёр эртний танилууд уу? Түүний талаар та юу гэж боддог вэ?
-Бид хоёр эртний танил биш ээ (инээв). СУИС-д би нэг жил сурсан юм л даа. Анги удирдсан багш маань найруулагч Наранбаатар. Багшаасаа зохиолч Өлзийтөгстэй холбогдох утасны дугаар, электрон шуудангийн хаягийг нь аваад, анх и-мэйл бичиж байсан. Тэгж л анх энэ мундаг зохиолчтой танилцах боломж олдсон. Харьцаад үзэхэд анхны сэтгэгдэл бол их энгийн эмэгтэй шиг хэрнээ цаанаа намайг түлхээд байгаа юм шиг. Сонирхолтой содон хүн л дээ. Бичиж байгаа өгүүллэг шигээ, давхар байцай шиг, олон давхар дотоод ертөнцтэй. Уудлаад, ярилцаад байвал дуусашгүй, дундаршгүй хүн гэж төсөөлдөг юм. Өлзий эгч рүү и-мэйл бичихдээ тэвдэж сандраад хамаг юмаа мартчихдаг байсан юм чинь уулзвал буруу, зөв их ярих байх даа.

-Дипломын ажлаа хоёр янзаар хийсэн гэж сонссон...
-Дипломын ажлаа хоёр янзаар хамгаалсан. Эхлээд видео хувилбараар хийгээд, дараа нь тайзан дээр өөрийн биеэр хийж хамгаалсан. Ерөнхийдөө тайз, дэлгэцийн гэсэн хоёр хэлбэрээр хамгаалсан юм. Видео хувилбараа найруулж сценариа бичээд, найзтайгаа хамтарч хийсэн. Найз маань зураглаач, эвлүүлэгч, зөвлөгч болж, харин би хаана зургаа авах, ямархуу уур амьсгалтай байх гэх мэт гол зүйлээ удирдаж явсан. Кино хийж байгаа юм шиг л бүх зүйлээ мөрөөдөж хийсэн дээ. Харин тайз руу хөрвүүлэхэд толгойгоо багагүй гашилгасан шүү. Би тэр найздаа маш их баярлаж явдаг. Яг хэрэгтэй үед, цаг давчуу, кино хувилбараа өгөх хугацаа нэлээн тулчихсан байхад ажлынхаа хажуугаар надад цаг гаргаж байсан найзаа дурдахгүй бол болохгүй. Найзыг маань Саша (Александр) Марьин гэдэг. Найз ч гэж дээ (инээгээд), манай нөхрийн найз. Бид бие биеэ мэндийн зөрүүтэй л мэднэ. Есөн насны зөрүүтэй байна уу даа, тэгсэн хэрнээ бие биеэ "Чи" гэж дууддаг. Ер нь оросууд их энгийн хүмүүс шүү дээ. Жүжгийн маань найруулагчаар анги удирдсан, настай мастер багш минь биш, залуухан мастер багш ажилласан. Манай анги удирдсан мастер багшийг Бабичева Тансулпан Догиевна гэдэг. Зөвлөлт-Оросын Башкирын жүжигчин, ОХУ-ын Ардын жүжигчин цолтой, их мундаг хүн. Залуухан багшийнхаа нэрийг энд дурдъя гэж бодлоо. Жигулёва Дарья Владимировна. Залуу багшийгаа жүжгэн дээр минь ажилласан нь нүдээ олжээ гэж боддог. Бид хоёр бие биеэ маш сайн ойлгож, хамтдаа бага багаар урагшилсан. Заримдаа багш нар оюутныхаа юу мэдэрч байгааг үл харгалзан, жүжгээ амжилттай тавих гэж улайрдаг. Тэгвэл манай залуу эмэгтэй багш миний сэтгэл зүйг их зөв мэдэрч, намайг зөв хөшүүрэгдэж, зөв чиглүүлж явсны үр дүнд би жүжгээ тоглосон. Яагаад сэтгэл зүйн талаар яриад байна вэ гэхээр би жаахан охинтой ээж л дээ. Гэр бүлтэй, бас гэрээсээ хол байсан. Мөн тун хэцүү мэргэжлээр сурч байсан болохоор сүүлийн хоёр жил сэтгэл зүй минь их хэцүү байдалд байсан л даа. Гэхдээ "Аквариум" жүжгээ хийх явцад би тэр хүнд хэцүү байдлаас бага багаар гарч, өөрийгөө сонсохыг хичээдэг болсон. Өөрөө өөрийнхөө найз болохыг хичээсэн. Энэ жүжиг маань надад маш гоё хамт олныг бүрдүүлж өгсөн. Надад итгэсэн, намайг хайрласан тэр хүмүүсийг би энэ жүжгээ хийх явцад олж авсан. Энэ өгүүллэг намайг гуравдугаар курсэд байхад зохиолчтойгоо холбож өгсөн. Цаашлаад тав тухтай орчноосоо хааяадаа гарахыг зааж өгсөн, шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ тэлэхийг энэ өгүүллэг шаардсан, хүнээс тусламж гуйж сургасан, хүнд баярласан талархсанаа илэрхийлэх ухаанд сургасан. Дашрамд хэлэхэд төгсөлтийн жүжгийг ангиараа юм уу группээр хамгаалдаг. Харин би ангидаа ганцаархнаа моно жүжгээр хамгаалсан. Энэ боломжийг олгосон сургуулийнхаа хамт олонд маш их баярлаж явдаг аа. Кино хувилбар, жүжиг хоёр мэдээж маш өөр. Жүжгэнд дэс дараа чухал. Бүх зангилаа холбоос надад сэтгэл хөдлөлөө зөв гаргахад шаардлагатай. "Аквариум" моно жүжиг учраас өөртөө туслах бүх гарцыг л хайсан. Охиноо төрүүлээд тайзан дээр тэр болгон гараагүй болохоор надад туслах бяцхан тактик хэрэг болсон. Хөгжим, дуу, бүжиг, жүжгэнд уур амьсгал үүсгэх эффектүүд. Өгүүллэгийн утгаа зөв тайлсан гэж бодсон учраас бид жүжгээ юуны тухай жүжиг вэ гэдгийг харуулахыг биш, энэ эмэгтэй ямар нөхцөлд байна вэ, тэр юу мэдэрч байна вэ гэдгийг харуулахыг зорьсон. Утгыг биш нөхцөлийг, уур амьсгалыг үзэгчдэд аваачихыг хичээсэн. Энэ маань ч биелсэн гэж бодож байна. Манай найруулагч, мөн жүжигт оролцсон гурван залуу бид бүгд жүжгээ зөв чиглүүлж, авч гарсаан.
Кино хувилбар миний хувьд шинэ туршлага болсон. Кино мэдээж тайзаас өөр. Надад кинонд зориулж сценари бичих маш их таалагдсан. Толгой тархиндаа зураад л, ар араас нь кадруудаа ургуулж бодох их сонирхолтой байсан шүү. Сүртэй сценари бичсэн чинь найз маань "Энд төсөв нэлээн орно. Цаг ч их авна. Хоёулаа амраар шийдье" гэж ярилцаж тохирсон. Тэгээд л бид хоёр цаг тохирч уулзаад л, газраа хайгаад л, миний утсан дээр бичлэг хийж эхэлсэн дээ. "Аквариум" видео бичлэгээ би гар утсан дээрээ хийсэн. Ер нь зөндөө сонирхолтой юм бий. Гэхдээ нийтэд нь хэлбэл видео хувилбараа хийх явцад "Кино урлаг бас сонин содон юм байна шүү" гэж бишрэх сэтгэгдэл надад төрсөн шүү.
-Багш нар тань хэрхэн үнэлж цэгнэв?
-Товчхон хэлэхэд ам сайтай байсан шүү. Багш нарт миний өөрийгөө задлах гэж, өөрийгөө эвдэх гэж хичээсэн нь таалагдсан гэнэ билээ.

-Та хоёр цаашдаа хамтарч ажиллах уу?
-Би илүү их зүйл уншиж судлаад, цаг нь болохоор хамт ажиллах хүсэлт тавих үе ирэх байх аа. -Энд тэндээс хамтарч ажиллах санал ирж байна уу?
-Оросод байхад уул нь нэг санал ирсэн л дээ. Даанч Монголд ирсэн чинь таг болчихсон.
-Залуу уран бүтээлч бүсгүйн цаашдын зорилгыг сонирхъё...
-Одоохондоо би тийм мундаг боловсон хүчин болж бэлтгэгдээгүй байна. Энийг эс тооцвол мэдээж байлгүй яах вэ. Одоогоор өөрийгөө цэнэглэхийн тулд эх орондоо жаахан амсхийх хүсэлтэй байна. Зорилгын тухайд бол мэргэжлээ орхихгүй, ихийг уншиж, мэдрэмжээ хөгжүүлж, хэрэгтэй зүйл хийчих юм сан даа л гэж боддог.
-Таны хувийн амьдралыг сонирхож болох уу?
-Намайг Доржсүрэнгийн Энэрэл гэдэг, 22 настай. Нөхөр, охиныхоо хамт амьдардаг. Эхээс гурвуулаа, хоёр эгчтэй. Аав Доржсүрэн маань таван жилийн өмнө бурхан болсон. Бидэндээ хамгийн хүчтэй, мундаг аав байлаа. Намайг хэтэрхий эрхлүүлж өсгөсөн дөө. Аав маань насаараа цахилгаан, эрчим хүчний салбарт ажилласан хүн. Аавынхаа ач тусаар би ОХУ-д амьдарч, сурсан гэж боддог. Учир нь аав маань намайг хөтлөөд, орос сургуулийн нэгдүгээр ангид оруулсан юм. Өөрөө ч Эрхүү хотод төгссөн болохоор ОХУ-д ээлтэй байсан биз. Аав минь ном маш их уншдаг, их мэдлэгтэй хүн байсан.
Миний ээж химийн ухааны доктор, профессор, их мундаг эмэгтэй бий. Үргэлж намайг, хүүхдүүдээ гэдэг их зөөлөн хүн. Намайг сургуулиа төгсөхөд, Өлзийтөгс зохиолч фэйсбүүк хаяг дээрээ миний тухай бичихэд их баярласан даа. Би ээжийгээ баярлуулах үнэхээр дуртай. Ээжээсээ, ааваасаа өмнө нь аваад л байдаг, эргүүлж өгч мэддэггүй хүн чинь ээжийнхээ баярлахыг мэдрэх гоё юм байна билээ. Миний ээж жаахан юманд баярлах юм даа. Ээждээ "Охиндоо санаа зоволтгүй ээ. Та л наддаа эрүүл байж өгөөрэй" гэж хэлье.

-Нөхөртэйгээ хэзээ яаж танилцав?
-Нөхөр маань манай ангид хэд хэдэн удаа хичээл орж таарсан юм. Тэгээд л анх танилцаж байлаа. Сахалтай, шивээстэй, өөрийн гэсэн стильтэй, их л догь харагдаж билээ.
-Хувийн бас урлагийн амьдралыг хослуулах хэцүү байх л даа...
-Одоогоор ажиллаж эхлээгүй болохоор бас ч гэж арай гайгүй байна. Сурч байхад жаахан охинтой, гэр бүлийн амьдрал дөнгөж эхэлж байна, дээрээс нь миний мэргэжил энерги их шаардсан мэргэжил болохоор дотроосоо ч, гаднаасаа ч маш их ядардаг байлаа. Бие организм ядрахад унтаж амраад нөхөж болдог, харин дотроо сэтгэл зүрхээрээ, сэтгэл зүйгээрээ ядрахад тэрийгээ нөхөх гэж маш их цаг зарцуулж, ядардаг юм билээ. Их стрессдэнэ, бухимдана, яг юу хийгээд хаашаа тэмүүлээд байгаагаа мэдэхгүй.
Нөхөр бид хоёр хоёулаа л охиноо хардаг болохоор тэрэндээ их ядарна. ОХУ-д нөхрийн талын хамаатнууд өөр хотод байдаг болохоор бид хоёрт цай уух, хоёулаа байх боломж ер олдохгүй. Нөхөр маань жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Тэр маань ажлаа зохицуулна, би сурна гээд л бид хоёр намайг сурч байхад чадлаараа хичээсэн. Манай хүн миний мундаг хамтрагч, бас охины маань маш сайн аав. Охиноо надаас илүүхарна. Охин ч аавдаа амь.
Хувийн болон урлагийн амьдралаа хослуулж чаддаг тэр хүмүүсийг үнэндээ хүндэлж байна. Үнэхээр хэцүү даваа юм гэдгийг биеэрээ мэдэрч явна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Хувийн болон урлагийн амьдралд тань амжилт хүсье
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ