Бусад хүнд тусладаг настайчууд ахиу насладаг

Бусдад туслаж, бусдыг дэмжиж, тэтгэж байдаг настай хүмүүс урт насладаг байна.Швейцар, Австрали, Германы эрдэмтдийн хийсэн хамтарсан судалгаа үүнийг харуулжээ.

Өөрийн ач, зээ нарт санаа тавьдаг эмээ, өвөө нар “өөрийгөө л бөөцийлдөг” үе тэнгийнхнийгээ бодвол урт насладгийг олон улсын судалгааны багийнхан илрүүлснийг хэвлэлд мэдээлсэн байна. Эрдэмтэд 1990-2009 онд цуглуулсан Берлин хотын настайчуудын судалгааны мэдээ баримтыг үндэслэн, 70-аас 103 хүртэл насны 5000 гаруй хүнийг судлажээ.

Хааяа хүүхэд хардаг; хүүхэд огт хардаггүй; өөрийн хүүхэдгүй юмуу ач, зээгүйч,бусдад тусладаг гурван бүлэг өвөө, эмээ нарыг харьцуулж үзсэн байна.

Бусдад санаа тавих нь хүмүүжүүлэгчдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж болохыг судалгааны дүн харуулж байна. Ач, зээ нарыгаа хардаг байсан эмээ, өвөө нарын тал нь 1990 онд анхны ярилцлага өгснөөс хойш арав орчим жил амьд байжээ. Энэ нь ач, зээгүй ч, өөрийн хүүхдүүдийг дэмжиж, жишээ нь гэр орных нь ажилд тусладаг настайчуудад бас хамаарна. Харин бусдад туслаж байгаагүй настнуудын тал орчим нь таван жилийн хугацаанд нас барсан байна.

Ийм эерэг нөлөө ньгэр бүл дэх өвчтэй хүмүүст туслаж, тэднийг харж хандахаар хязгаарлагддаггүйг судлаачид бас тогтоож чаджээ. Бусдад сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэгүр хүүхэдгүй настай хүмүүс ч бас урт насладаг байна. Тэдний тал нь бас долоон жил амьд явжээ.

“Гэвч ийм тус дэмийг урт наслах шидэт тан гэж үзэх ёсгүй” гэж Макс Планкийн хүний хөгжлийн хүрээлэнгийн төвийн захирал Ральф Гертвиг ярьж байна. “Хүүхдийг харж хандахад хэр тааруу оролцох нь эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг юм шиг байна.. Гэвч энэ ажилд хэтэрхий их оролцох нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, стресс үүсгэдэгийг өмнөх судалгаанууд харуулсан юм” гэж Гертвиг хэлсэн байна.

Нийгмийн зан төлөв нь мэдрэлийн болон дааврын тогтолцооны үүднээс хүний бие махбодид нөлөөлдөг гэж судлаачид үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ