Хандив: Амин шаардлага уу, ашиггүй зарлага уу?

Монголын эдийн засаг элгээрээ хэвтлээ, мөлхлөө гээд л янз бүрээр тодорхойлон хэлж, бичиж байна. Ирэх сараас евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлөх хугацаа ч тулж ирээд буй. Харин өчигдөр Ерөнхий сайд эдийн засагч Б.Осоргаравтай уулзах үеэрээ “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлж байснаа дурьдсан. Гэхдээ түүний хэлснээр өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байгаа бололтой. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлж, эдийн засгийн хямралаа ч давж чадна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм.

Тэгвэл энэ л цаг үед хамгийн түрүүнд ичихгүйгээр бүх нийтэд хандаж “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилсан гавьяат эдийн засагч Б.Осоргаравын хандивын аяныг юу гэж тайлбарлах вэ? Ерөнхий сайд үүнийг эх оронч сэтгэл, ард түмнээ эв нэгдэлд дуудсан санаачилга хэмээн тодорхойлжээ. Ямартай ч манай эдийн засаг босоо, мөлхөө, хэвтээгийн ямар байрлалд ч байсан дээрх уриалгыг зарим төрийн түшээд болон албан тушаалтнууд дэмжихээ илэрхийлж, эхнээсээ 20-100 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдээлж байна. Ингэхдээ тэд эдийн засгийн хүндрэлийг хүлээн зөвшөөрч байв. Гэсэн ч өгч, авч байгаа нь тодорхойгүй тул нэгэнт итгэл алдарсан нийгмийн дунд үүнд нь эргэлзэх хүн цөөнгүй байгаа нь үнэн. Аливаа бүхэн хоёр талтай гэдэгчлэн энэ үйл явдал ч сайн, саар хандлагыг дагуулж байгааг нуух юун.

Мэдээж сайн тал нь улс орныхоо нэр хүндийг олон улсын хэмжээнд өөд татах, эдийн засгийн хүндрэлийг бүх нийтээрээ хамтдаа даван туулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэрэг эерэг хандлага юм. Харин нөгөө талаар өрөөлийн дангаараа шийдсэн асуудлын төлөөсийг бүх нийтээрээ төлөх нь зарим хэсэг бүлэг хүмүүст таалагдахгүй байгаа бололтой. Түүнчлэн ард түмний нэрийг барьж халаасаа зузаалсан, харь оронд хөрөнгө нуусан нэр бүхий эрхмүүдийг Монгол Улсын өр төлөөсийг барагдуулж, эдийн засгийг аврах ёстой гэлцэж байна. Хамгийн гол нь баячууд хандив өргөсөн гэх дүр эсгэж байгаад бас л энгийн иргэдийн халаасыг тэмтрэх вий гэсэн хардлагыг үгүйсгэх арга алга.

Эдийн засагчийн тооцоолсноор найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214 тэрбум 692 сая 889 мянган төгрөг цуглах гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүл ам бүлийнхээ тоогоор мөнгөө үржүүлж хандивлана гэсэн үг. Гэтэл өнөөдөр талхыг хувааж, ногоог ширхэглэж, тосыг граммлаж авч байгаа хэчнээн өрх байгаа билээ. Эдгээр иргэд, ялангуяа хүүхдүүд өр төлөлцөх хүмүүс мөн үү? Эх орноо гэх ард түмний сэтгэлд өглөг өргөх байтугай ухамсар бий. Харин “хэний идсэн мөнгийг хэн төлөх гээд байна вэ?” гэсэн бухимдал нийгмийн хэмжээнд үүсээд байгаа юм. Хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэх гэсэнгүй тэд. Үүнээс ч илүү боломж байсныг мэдэж байгаад л учир байгаа юм.

Гавъяат эдийн засагч Б.Осоргарав 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20-100 сая төгрөг төлж хүндрэлийг үүрэлцэх ёстой гэж үзсэн. Албан тушаалын төлөө бол энэ байтугайг төлөхөд бэлэн улс олон бий. Харин ард түмнийхээ төлөө, тэр тусмаа ашиггүй зарлага гэж үзэгчдээс хэд нь бэлэн бол? Тиймээс чихэнд нь наалдацтай зарим зөвлөгөөг жирийн ардуудаас өгч эхлээд байна. Төрөөс төрсөн тэрбумтнууд гэж хэдийнэ нэрлэгдсэн цөөнгүй гэр бүл манайд бий. Тэд одоо боломж олдож байгаа дээр нь нүглээ наминчилж “хуссан хэдээсээ” хумсын чинээг ч болтугай хандив нэрийн дор улсдаа тушааж, сайн хүн болж харагдах арга байна гэнэ. Хэн хэн авсан, идсэнийг олон нийт угаас мэдэж байгаа ч энэ удаад хариуцлага тооцохгүй гэдгийг бодолцохыг зөвлөжээ.

Үнэхээр сайдын хэлснээр эх орны нэр муугаар дуудуулаагүй, эдийн засгийн хямрал эрсдэлгүй, амин шаардлага гараагүй байгаа бол эдийн засагчийн уриалгын далимаар, нүглээ нимгэлэх боломжийг зарим нэг нь зөв талаас нь олж харвал зүгээр нэг гарлага бус гэдгийг ойлгох учиртай. Үүний зэрэгцээ эх орноо гэсэн сэтгэлтэн цөөнгүй тул тэдэнтэй мөр зэрэгцэн хэлмэгдэх вий гэж эмээх зүйл огт үгүй. Мэдээж хандивлагч болгон хумслагч биш гэдгийг мэргэн ардууд хараад л мэднээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ