АН-ын даргад горилогчдын уяачид нь хэн бэ

АН-ын даргад таван хүн өрсөлдөхөөр болсон. Уг нь зургаан хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн боловч Чимэддоржийн мөнгөө хувиараар байршуулъя гэсэн саналыг нь АН хүлээж аваагүй. Ингээд Н.Алтанхуяг, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар өрсөлдөхөөр болов. Өнөөдөр 12:30 цагт эдгээр гишүүд АН-ын даргад нэр дэвших эрхийн үнэмлэхээ гардан авлаа.
Ийнхүү АН-ын даргын сунгаанд оролцох морьд эргэлээ. Харин эдгээр нэр дэвшигчдийг сойж буй уяачид нь хэн бэ?
Н.Алтанхуяг, энэ эрхэм АТГ-аас шалгагдаад барцадтай яваа нэгэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг ялалт байгуулсан өдөр тэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн билээ. Түүний хувьд АТГ шалгаад ирэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн үү, эсвэл ерөнхийлөгч, намын даргад нэр дэвшиж магадгүйн улмаас АТГ оролдоод эхлэв үү гэсэн 2 иштэй яриа нийгэмд байдаг. Н.Алтанхуяг бол ҮЗХ болон Гүйцэтгэх зөвлөлд нөлөөтэй гэх Алтангадас фракцаас нэр дэвшиж байна. Нэр дэвших материалаа бүрдүүлэх үед нь УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж хамт очсоноос харахад түүнийг Р.Гончигдорж тэргүүтэй Алтангадас фракцынхан уяа сойлгыг нь тааруулж байгаа нь ойлгомжтой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд Шонхор фракцад харьяалагдаж байсан гэх боловч тус фракцаас С.Эрдэнэ нэр дэвшиж байгаа учраас түүний хувьд АН-ын нийт гишүүдийнхээ эрх ашгийн үүднээс оролцож байгаа юм. Хөндлөнгийн судалгаагаар, вэбсайтуудаар явуулж буй тандалтаар хол тасархай гарч ирж байгаа энэ эрхэм ёстой л “ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам юм уу” гэдэг шиг АН-ын нийт гишүүддээ найдаж, залуу үеийн, дунд үеийн төлөөлөл болон өрсөлдөхөөр болж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хувьд АН-д оройхон гарч ширүүхэн хүчээ авсан АХХ, Шонхор фракцыг түшиглэж энэ удаагийн АН-ын даргын сонгуульд оролцох нь тодорхой. Учир нь тэрээр энэ фракцын үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг билээ. Тэгээд ч одоогоор АН-ын даргаар ажиллаж байгаа, УИХ-ын дарга асан З.Энхболд түүний уяа сойлгод анхаарал тавьж байгаа нь мэдээж. Мөн тэрбээр сайн зохион байгуулагч, багаар ажиллах чадвартай гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулж чадсан тул жирийн гишүүдээсээдэмжлэг авахыг үгүйсгэх аргагүй.
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн хувьд Нэг ардчилал фракцаа тараасан гэх боловч Х.Тэмүүжин, М.Батчимэг, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гээд Нэг ардчилалын нөхөдтэйгээ хамт очиж материалаа бүртгүүлснээс үзэхэд энэ фракц огт тараагүй бөгөөд тэрбээр энэ удаа Нэг ардчилал фракц, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр АН-ын даргын сунгаанд оролцож буй тухай эх сурвалжууд дурдаж байна. Түүний хувьд нэр хүнд нь төдийлөн сайнгүй байгаа Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын нөхөддөө найдахаас илүү Ерөнхийлөгчийн дэмжлэгт илүү найдлага тавьж байгаа болов уу.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын генсекээр ажиллаж байсан. Түүний хувьд МҮДН фракц, Шонхор фракц, Алтангадас фракцуудад тулгуурлан АН-ын дарга болно гэж итгэж найдаж байсан ч С.Эрдэнэ Шонхордохоор, Н.Алтанхуяг Алтангадасдахаар шийдвэрээ гаргасан тул өөрийн үндсэн фракц болох МҮДН-дээ найдан шандасаа үзэх болоод байна.
Ямартай ч энэ удаагийн АН-ын даргын сонгууль шударга явагдах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Энэ тухай нэр дэвшихээс татгалзаж, нэрээ татсан зарим эрхмүүд ч хэлж байгаа. Ер нь жирийн гишүүдийнхээ татварыг ивээн тэтгэж төлөх байдлаар багцлах, фракцуудад хувааж багцлах, зарим фракцууд саналаа нэгтгэж тохирох гээд олон муу аргачлалуудаас энэ удаагийн сунгаа алсуур тойрох эсэхийг бид харах л үлдлээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ